АНУ-ын тэргүүн хатагтай бэлгийн хүчирхийлэгч Ж.Эпстийнтэй холбоотой цуурхлыг эрс няцаажээ

Өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп цагаан ордонд гэнэтийн мэдэгдэл хийлээ. Энэ үеэр тэрээр өөрийг нь бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстийнтэй холбосон цуурхлыг эрс няцаасан байна. Энэ нь олны өмнө тэр бүр гардаггүй тэргүүн хатагтайн хувьд ховор тохиох хэвлэлийн хурал болжээ. 

Тэрээр “Эпстийнтэй хэзээ ч найз нөхөд байгаагүй, түүний гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд хохирогч нь биш” гэж мэдэгдлээ. Түүнчлэн Меланиа Трамп Эпстийний хувийн арал руу хэзээ ч очиж байгаагүй, онгоцоор нь ч нисэж байгаагүй гэдгээ хэлсэн байна. 

Саяхан өрнөдийн шар хэвлэлээр Меланиаг, өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамптай анх танилцуулж байсан хүн нь бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстийн гэж мэдээлж эхэлсэн юм. Ингэхдээ Меланиа нь бэлгийн хүчирхийлэгчтэй холбоотой загварын агентлагаар дамжиж өнөөгийн нөхөртэйгөө танилцсан талаар цуурхал гараад байсан юм. Харин АНУ-ын тэргүүн хатагтай уг мэдээллийг "Өөрийнх нь нэр хүндэд халдах гэсэн хорон оролдлого" гэж тодорхойлж байна. Тэрээр Доналд Трамптай 1998 онд Нью-Йоркийн нэгэн үдэшлэг дээр тохиолдлоор танилцсан гэдгээ мэдэгдэлдээ дурджээ.