Хэрэв эцэг эх болон насанд хүрсэн иргэн өөрийн бүртгэлээр хүүхдэд скүүтер, мопед түрээсэлж өгвөл 100.000 төгрөгөөр торгоно

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас эхлэн хоёр дугуйт тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөнд оролцож эхлээд байна. Энэ жилийн хувьд түрээсийн дугуй, скүүтер, мопедтой холбоотой хоёр төрлийн эрх зүйн зохицуулалт шинээр хэрэгжиж байна. Тухайлбал, 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унахыг хоригложээ. Мөн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд скүүтер, мопед түрээслэхдээ “E-Mongolia” системээр хэрэглэгчийг баталгаажуулан үйлчилгээ үзүүлдэг болсон байна.

—Шинэ зохицуулалтаар 16 нас хүрээгүй хүүхдүүд түрээсийн скүүтер, мопед ашиглах боломжгүй болсон тул түрээсийн аппликэйшнийг e-mongolia цахим системтэй холбон, түрээслэгч иргэн 16 нас хүрсэн эсэхийг баталгаажуулдаг болжээ.

—Хэрэв эцэг эх болон насанд хүрсэн иргэн өөрийн бүртгэлээр хүүхдэд скүүтер, мопед түрээсэлж өгвөл 100.000 төгрөгөөр торгох юм байна.

—Түүнчлэн цахилгаан мотоцикл, суррон, мопед унасан а ангиллын жолооны үнэмлэхгүй, 18 нас хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийг нь 400.000 төгрөгөөр торгох зохицуулалттай болжээ.

—Хэрэв хүүхэд хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож ямар нэг байдлаар осол, аваар гаргаж, хэн нэгнийг гэмтээсэн бол эцэг эх, асран хамгаалагчид нь хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна. Скүүтер, мопедыг өмнөх жилүүдэд түрээсэлж байсан иргэдийн хувьд хуучин бүртгэлээрээ шууд нэвтэрч байгаа бол шинээр бүртгүүлж буй иргэд “E-Mongolia” цахим системийг ашиглан 16 нас хүрсэн эсэхээ баталгаажуулж байж түрээслэхээр байна.

 

Өнөөдрийн байдлаар бүх скүүтер, мопед бүрэн хэрэглээнд нэвтрээгүй байгаа бөгөөд зарим системийн хөгжүүлэлт дуусаагүй байна. Хэрэв бага насны хүүхэд унасан зөрчил түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж дээр удаа дараа бүртгэгдвэл үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Мөн хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрчимжиж байгаатай холбоотойгоор унадаг дугуйн замаар цахилгаан скүүтер, мопед зорчих боломжтой. Харин зориулалтын замгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах ёстой бөгөөд явган хүний замаар зорчихыг бүрэн хориглосон байна.