Улсын хэмжээнд иргэдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл түгээмэл тохиолдож байна. Тухайлбал ходоодны хорт хавдрын өвчлөлөөр манай улс 185 улс орноос тэргүүн байранд эрэмбэлэгдэж байгаа нь дэлхийн дунджаас 4 дахин өндөр үзүүлэлт юм байна. Тэгвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцоог өвчлүүлэхэд богино хугацаанд, хэт хурдан хоол идэх нь ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг эмч хэлж байна.
Иргэдийн хэлж байгаагаас үзвэл нас залуужих тусам хоол идэхдээ зарцуулж буй хугацаа богиносож байна. Тэгвэл богино хугацаанд, хэт хурдан хоол идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог өвчлүүлэх томоохон хүчин зүйл юм байна. Тодруулбал хоол хүнсийг тайвнаар удаан зажилж идсэнээр шүлсэнд агуулагддаг ферментүүд нүүрс усыг задалж эхэлдэг. Мөн сайтар зажлах нь хоол хүнсийг зохих хэмжээгээр жижиг хэсэг болгодог бөгөөд хэт их хүчил ялгарах, гэдэс цочрох, хий үүсэх эрсдэлийг бууруулдаг байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөл тогтмол бүртгэгдэж байгаа бөгөөд элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар нь зонхилон тохиолдож байгаа юм. Эдгээр нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх бүрэн боломжтой төдийгүй хамгийн гол нь дийлэнх нь хоол боловсруулах замын эрхтнүүд байгаа нь анхаарал татахуйц байна.
Иймд нэг талаас иргэд дадал зуршлаа өөрчлөн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нөгөөтээгүүр энэ төрлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хотын хэт төвлөрөлд анхаарах шаардлага үүсээд байна. Учир нь хавдраар өвчлөгсдийн дийлэнх нь амиа алдаж байгаа юм. Жишээлбэл өнгөрсөн онд 8000 гаруй хавдрын өвчлөл оношлогдож, 4500 нас баралт бүртгэгджээ. Мөн дийлэнх тохиолдлыг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 3 эрэгтэй тутмын 1 нь хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байна.