Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардан жил орчмын хугацаанд төрийн ордны гадаа жагсаж байгаа. Тэгвэл ахмадын тэтгэврийг нэмэх боломжгүй гэж мэдэгдсээр байгаа гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд өнөөдөр ахмадуудад 15 сая хүртэлх төгрөгийн хүүгүй зээл олгох шийдвэр гаргаж буйгаа мэдэгдлээ. Гэхдээ тус зээл нь зөвхөн жижиг, дунд бизнес эрхлэх ахмад настнуудад хамааралтай юм байна.
Өнгөрөгч 2025 оны 6-р сараас эхлэн ахмад настнууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг тавьж, төв талбайн баруун талд өнөө хүртэл жагссаар байна. Тус хугацаанд тэтгэвэр нэмэх боломжгүй гэсэн байр суурийг холбогдох шийдвэр гаргагчид илэрхийлсээр ирсэн. Харин өнөөдөр гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийг нэмэх боломжгүй, харин хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настнуудад 15 сая хүртэлх төгрөгийн хүүгүй 3 жилийн хугацаатай зээл олгохоо мэдэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар 510 мянган ахмад тэтгэвэр авдаг. Гэвч тэдгээр ахмадуудын дийлэнх нь 700 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь амьжиргаанд нь хүрэлцээгүй учир тэтгэврийн зээл авах шаардлага тулгардаг. Гэвч салбар яамнаас гаргасан энэхүү шийдвэр нь зөвхөн гэрээрээ эсвэл ямар нэг байдлаар үйлдвэрлэл, бизнес эрхлэх сонирхолтой ахмадуудад л үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл энэ тэтгэврийн зээлээс тусдаа олгогдох асуудал юм. Гэвч ахмадууд тэр бүр хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эрүүл мэнд, ар гэр, хараат байдал зэргээс шалтгаалан зөвхөн тэтгэврээр амь зуудаг ахмадууд цөөнгүй. Манай телевизийн цахим хуудсаар энэ асуудлаар иргэдээс санал авахад сэтгэгдлийн дийлэнх нь ахмадуудад зээл олгохоос илүү тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Жижиг, дунд бизнес эрхэлдэг ахмад настнуудад 15 сая төгрөг хүртэлх хүүгүй зээл олгох шийдвэрийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ. Тус зээл нь өмнө нь ч хэрэгжиж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 4400 ахмад настан хамрагдсан байна.