Үнэн алдартны шашны улаан өндөгний баярыг тохиолдуулан ОХУ болон Украин улс олзлогдсон цэргийн алба хаагчдыг харилцан солилцох томоохон ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэ удаа талууд тус бүр 175 цэргийн албан хаагчийг солилцсон ч баярын үеэр гал зогсоох амлалтаа зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгасан байна.
Украины Батлан хамгаалах яам Мариуполь болон Чернобылийн ойролцоо тулалдах үеэр олзлогдсон 150 цэрэг, 25 офицер, 7 энгийн иргэнээ хүлээн авсан гэж мэдээлжээ. Чөлөөлөгдсөн дайчдын ихэнх нь 2022 оноос хойш ОХУ-ын шоронд хоригдсон иргэд байсан ч эрүүл мэндийн байдал нь тогтвортой байгааг албаны тайлбарт дурджээ.
Тэгвэл ОХУ-ын Засгийн газраас Курск мужаас олзлогдсон 7 иргэн болон 175 цэргийн албан хаагчаа эргүүлэн авсныг уламжилсан байна. Одоогоор чөлөөлөгдсөн Оросын талын цэргийн алба хаагчид Беларусь улсад эмнэлгийн үзлэг, сэтгэл заслын нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа юм байна. Уг хүмүүнлэгийн үйл ажиллагааг Арабын Нэгдсэн Эмират улс зуучлан зохион байгуулжээ. Дайн эхэлснээс хойш Арабын Нэгдсэн Эмират улс 21 удаагийн хүмүүнлэгийн солилцоог зуучлан зохион байгуулж, нийт 6500 орчим олзны хүнийг суллахад тусалжээ.
Улаан өндөгний баярыг тохиолдуулан дайсагнагч хоёр улс 4-р сарын 11-ний 16 цагаас эхлэн нийт 32 цагийн хугацаатай түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Гэвч тохиролцооны хугацаа хүчин төгөлдөр болсноос хойш хоёр тал бие биенээ гал зогсоох дэглэм зөрчсөн гэж буруутгаж байна. Тухайлбал Украины эрх баригчид ОХУ-ын арми фронтын шугам дагуу 2,000 гаруй удаа, Оросын тал Украиныг 1,900 орчим удаа гал нээсэн гэж тус тус мэдэгдээд байна.