В.Орбаны 16 жилийн ноёрхол дуусаж, Унгар улсын парламентын сонгуульд сөрөг хүчний нам ялалт байгууллаа

Өнгөрөгч Ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд БНУУ-ыг 16 жил тасралтгүй засагласан Виктор Орбаны нам ялагдал хүлээснээр улс төрийн томоохон эргэлт гарлаа. Сөрөг хүчний "Тиса" нам Петер Мадьярын удирдлага дор олонхын итгэлийг хүлээж, парламентын суудлын гуравны хоёрыг авсан нь Унгарын улс төрийн шинэ эрин үеийг эхлүүлж байна гэж Өрнөдийн хэвлэлүүдээр мэдээлж байна.

Ням гарагт Унгарын бүх нийтийн сонгуулийн урьдчилсан үр дүнг зарласны дараа Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ. Унгарын сөрөг хүчний "Тиса" нам үнэмлэхүй ялалт байгуулснаар зүүн төвийн үзэл баримтлалтай, Европын холбоог тууштай дэмжигч Петер Мадьяр Унгарын шинэ сайд болох нь гарцаагүй боллоо. Өмнө нь тэрээр виктор орбаны холбоотон байсан ч сүүлийн жилүүдэд ОХУ-ын дайныг дэмжигч, Трампын түнш болсон эрх баригчдаа хурцаар шүүмжлэгч болжээ. Саналын хуудасны 90 гаруй хувийг тоолсны дараа “Тиса” нам 199 суудлын 138-ыг авч үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний давуу эрхтэй болсон бол Орбаны “Фидес” нам 54 суудлыг авснаар сөрөг хүчин болж байна.

Энэ удаагийн Унгарын бүх нийтийн сонгуульд сонгогчдын ирц дээд амжилт тогтоож, нийт сонгогчдын 80 орчим хувь нь саналаа өгсөн гэж мэдээллээ. Тус улсын шинэ засгийн газар Европын холбоотой харилцаагаа сайжруулж, авлигатай тэмцэх, шүүх засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэх замаар эвслийн санхүүжилтийг дахин авах амлалт өгчээ.

Петер Мадьяр Будапешт хотын Дунай мөрний эрэгт цугларсан олон мянган дэмжигчдийнхээ өмнө “Бид үүнийг хийж чадлаа. Унгарчууд эх орноо эргүүлэн авлаа. Энэ бол зөвхөн нэг намын бус, нийт ард түмний ялалт юм. Унгарчууд Европт тийм  гэж хэллээ. Бид Европын холбоо болон НАТО-ын хүчтэй холбоотон хэвээр байх болно. Үнэн худал хуурмагийг ялан дийллээ. Унгар улс дахин амьсгалж, Европын соёлт орнуудын нэг болохыг хүсэж байна. Бид шилжилтийн үеийг тайван, эмх цэгцтэй явуулах болно” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Унгарын нэн тэргүүнд тавих бодлогыг баримталж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай таатай харилцаатай хэвээр байхаа онцолжээ. Орбаныг дэмжих зорилгоор Трамп дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийг Унгар руу илгээж, сонгуулийн компанит ажилд оролцуулсан ч үр дүнд хүрсэнгүй.