Цагдаагийн байгууллагад үе тэнгийнхний дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 онд үе тэнгийнхний дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажил эхлүүлжээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд үе тэнгийнхний дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Харин энэ оны эхний 3 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийнхний дээрэлхэлтийн 58 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган шийдвэрлэжээ үе тэнгийнхний дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж бусдын бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулах, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготойгоор түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэх хэлбэрээр илэрдэг байна.
2020 онд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг хийжээ тус судалгаанд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фейсбүүк хэрэглэдэг. Тэдний 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернэт хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.
Судалгаанаас харахад цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь сэтгэл түгших, айдастай болох, өөртөө итгэх итгэл буурах, цаашлаад сурлагын амжилт буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг сөрөг үр дагавартай тулгарч байна. Гэвч хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэгчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Иймд цахим орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, цахим орчинд өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвар олгох, боловсролын байгууллагууд цахим ёс зүй, хариуцлагын боловсролыг системтэй хэрэгжүүлэх, мөн цахим платформуудтай хамтран хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.