Манай улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа төдийгүй уг гэмт хэрэгт холбогдож буй иргэдийн нас эрс залуужиж байна.тэдгээрийн 31 хувь нь 18-25 насныхан байгаа бол 40 гаруй хувь нь 25-35 насныхан, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
-
Сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2021-с өнөөг хүртэл нийт 1297 хүн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлжээ.
-
Тухайлбал, 2023 онд 263 хүн, 2024 онд 248 хүн, харин 2025 онд 320 хүний хэргийг тус тус шүүхээр шийдвэрлэсэн байна
-
Тэгвэл энэ оны 1-р улиралд прокурорын байгууллагад мансууруулах бодистой холбоотой 192 гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106 хэргээр их буюу 57.2 хувь өссөн үзүүлэлттэй байна.
-
Дээрх гомдол, мэдээлэл, хэргүүдэд нийт 193 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Дээрх гомдол, мэдээлэлд үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 193 хүний 3.1 хувь нь 14–18 насны, 31 хувь нь 18–25 насны, 40.9 хувь нь 25–35 насны, 24.3 хувь нь 35-аас дээш насны хүмүүс байна. Хүйсийн хувьд 87.5 хувь нь эрэгтэй, 12.5 хувь нь эмэгтэй бөгөөд 78.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэн, арга хэлбэрийн хувьд ч нарийсаж мөн насжилтын хувьд ч залуужиж байгааг прокурорын байгууллагаас мэдээлж байна.
Харин “мансуурах” зөрчил 2026 оны нэгдүгээр улиралд 124 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хэргээр буюу 51.2 хувиар өсжээ. Зөрчилд холбогдсон хүний 14 -17 насны 12, 18-25 насны 24, 26-35 насны 7, 36-аас дээш насны гурван хүн байна. Хүйсээр нь авч үзвэл, 35 буюу 76.1 хувь нь эрэгтэй, 11 буюу 23.9 хувь нь эмэгтэй хүн байна цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахаар олон төрлийн сургалт нөлөөллийн ажил эхлүүлжээ.
Уг гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн нас залуужиж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал, хараа хяналт сул байгаагийн илрэл юм. Иймд эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.