АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойг бүсэлсний дараа Иран тохиролцохыг хүсэж байна гэж Д.Трамп хэллээ

Даваа гарагт АНУ-ын тэнгисийн цэрэг Ираны боомтууд болон Ормузын хоолойг бүсэлж, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Пакистаны нийслэл Исламабад хотод АНУ, Ираны хооронд дайныг зогсоох зорилгоор болсон өндөр түвшний хэлэлцээ үр дүнд хүрэлгүй өндөрлөж, бүс нутагт энх тайвныг тогтоох хүчин чармайлт нуран унасан юм. 

Даваа гаргаас эхлэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүч Ираны боомтуудыг бүсэлж эхэлсэн гэж ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Үүний хариуд Иран улс персийн булангийн орнуудын боомтуудыг устгана гэж сүрдүүлээ. Исламабад хотод болсон дайныг зогсоох хэлэлцээ амжилтгүй болсны дараа хурцадмал байдал улам бүр даамжирсныг энэ үйл явдал баталж байна. Гэхдээ АНУ-ын засгийн газрын эх сурвалжууд Вашингтон Техран хоёр харилцаа холбооны шугамаа нээлттэй байлгаж, үргэлжлүүлэн холбоотой ажиллаж байгаа бөгөөд зөвшилцөлд хүрэх тал дээр ахиц гарч байна гэж хэвлэлд ярьжээ. 

АНУ-ын төв командлал даваа гаргийн 10 цагаас эхлэн Ираны Персийн булан болон Оманы булан дахь бүх боомтуудад ирж байгаа болон гарч байгаа хөлөг онгоцнуудыг саатуулж эхэлжээ. Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранчууд хэлэлцээ хийхийг "Маш их хүсэж" байгаа бөгөөд тус улсын эрх баригчид цагаан ордон руу утасдаж, ярилцах боломжтой эсэхийг лавласан гэж хэллээ. Трамп "Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй" гэдгийг дахин бататгаж, аливаа хэлэлцээр Техраны цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсооход чиглэх ёстойг бас онцлон хэллээ. 
Тэгвэл Доналд Трамп Ормузын хоолойн бүслэлтэд НАТО-ын холбоотнуудаа татан оролцуулахаа мэдэгдсэн юм. Харин НАТО-ын холбоотнууд АНУ-ын цэргийн бүслэлтэд оролцохгүй, харин Ормузын хоолойг нээх санаачилгад нээлттэй гэж мэдэгджээ. Өмнө нь Доналд Трамп Ормузын хоолойг Ираны хяналтаас чөлөөлөх цэргийн ажиллагаанд нэгдэхийг холбоотнууддаа уриалсан ч өрнөдийнхөн татгалзаж байсан юм. Үүнтэй холбогдуулан Трамп АНУ-ыг НАТО-оос гаргах, барууны орнууд дахь цэргийн баазуудаас зэвсэгт хүчнээ татах төлөвлөгөөг судалж эхэлсэн гэж мэдээлсэн юм.