“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо

Өчигдөр “Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо. Тухайлбал “Монгол” гэдэг үг үндэстний нэр болж, түүхэнд тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын 6 болон 7-р зуунд хамаардаг бол их эзэн чингис хааны үеэс дэлхий дахинд алдаршиж, тогтсон нэр болсон байна. Улмаар он цагийн явцад үсэг авиа гээгдэх эсвэл нэмэгдэх цаашлаад бусад улс орны хэл бичгийн соёл, уламжлал зэргээс үүдэн олон янзаар хэрэглэгддэг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Монголчууд бидний амьдарч буй нутаг дэвсгэрт 850 мянган жилийн өмнөөс хүн аж төрж байсан гэж үздэг. Гэсэн хэдий ч түүхийн сурвалжид бидний өвөг дээдэс янз бүрийн нэрээр тэмдэглэгдэж ирсэн. Тодруулбал монголчуудын дээд өвөг “Хүннү”, “Сяньби”, “Жужан”, “Хятан” гэх мэтээр нэрлэгдэж, 12-р зууны үеэс “Монгол” буюу их монгол улс хэмээн дэлхий дахинд алдаршжээ. Иймд туулсан зам, бүтээсэн түүх арвин тул “Монгол” гэх өөрсдийн овог нэрийг олон талт эх сурвалжаас нягталж, үүсэл гарлыг тогтоох нь нэн ач холбогдолтой байна.

“Монгол” гэх нэр нь 20-р зуун хүртэл олон зүйлийн бичиг үсгээр, түүхэн сурвалж, бичиг үсгийн дурсгал, архивын баримтад үсэг, авианы зөрүүтэйгээр тэмдэглэгдэж ирсэн байна. Тухайлбал  “Монгол” гэдэг үг үндэстний нэр болж, түүхэнд тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын 6-7-р зуунд хамаардаг буюу хамгийн анх хятад ханзаар бичигдсэн гэдгийг зарим судлаачид тогтоожээ. Улмаар он цагийн явцад үсэг авиа гээгдэх эсвэл нэмэгдэх цаашлаад бусад улс орны хэл бичгийн соёл, уламжлал зэргээс үүдэн олон янзаар хэрэглэгдэж байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Түүнчлэн дэлхийн газрын зурагт “Монгол” гэх нэр 1700-аад оны үед тэмдэглэгдсэн гэж үздэг. Үүнээс өмнө азийг бүхэлд нь холбож бичих явдал 18-р зуунаас эхэлсэн бөгөөд татар гэх нэрээр тэмдэглэгдсэн тохиолдол байдаг гэж судлаачид үзэж байна. “Монгол хэмээх нэрийн судалгаа” номыг бүтээхэд жил орчим хугацааг зарцуулсан бөгөөд 20 гаруй судлаачид оролцжээ.