Түрээслээд өмчлөх “Солонго 1, 2” төслийн явц одоогоор 68 хувьтай үргэлжилж байна

Нийслэл хотод 2026–2028 онд төрийн өмчийн 23 мянга орчим орон сууц ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тэгвэл иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй түрээслээд өмчлөх “Солонго 1, 2” төслийн явц одоогоор 68 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сард багтаан 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, цахимаар сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд 3 сарын төлбөр бэлтгэх шаардлагатай юм.

Өнөөдөр төрийн орон сууцны корпорацаас түрээслээд өмчлөх орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн явцыг танилцууллаа энэ онд төрийн орон сууцын гол төсөл болох “Солонго-1, 2” төслийн хүрээнд нийт 5,002 айлын орон сууцны бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ жил 50 хувь буюу 2,500–2,600 орчим өрхийг хамруулахаар, харин 2027 оны хоёрдугаар улирал гэхэд нийт 5,002 айлыг бүрэн оруулахаар төлөвлөсөн байна. 

Иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломжтой болжээ. Сонгон шалгаруулалт энэ оны 8 сараас эхлэн Хур Дан системээр явагдах бөгөөд журмаар залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг зорилтот бүлгийн иргэдийг тодорхой квотоор хамруулах юм байна.
Квотын хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн судалгаанд үндэслэн тодорхойлжээ. Цахим системээр шалгарсан иргэн түрээслээд өмчлөх орон сууцанд орохдоо эхний 3 сарын түрээсийн төлбөрийг төлөх бөгөөд 1 жил түрээсэлсний дараа өмчлөх болзол хангагдах юм байна. Түүнчлэн уг түрээслээд өмчлөх орон сууцанд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй иргэн хамрагдах боломжгүй бөгөөд харин яндан буулгаж буй иргэдэд давуу байдал олгохоор тусгажээ.

Түрээслээд өмчлөх орон сууцны хүрээнд төрийн албан хаагчдад нийт орон сууцны 35 хувийг олгохоор заасан байна. Үүнээс эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувийг тусгайлан хуваарилжээ. Мөн ахмад настнуудад 18 хувь, залуу гэр бүлд 15 хувийн квот тогтоосон байна. “Солонго 1, 2” төслийн хүрээнд 900 орон сууцыг ахмад настнуудад хуваарилахаар төлөвлөжээ.