Дэлхий дахинд хүний нөөцийн дутагдал үүсэж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин бага болсныг иргэд болон аж ахуй нэгжийн төлөөлөл хэлдэг. Тэгвэл манай улсын хувьд ч мөн адил жил бүр тодорхой хэмжээгээр ажиллах хүчний эрэлт үүсдэг ч хомсдол дагаад бий болдог байна. Энэ нь ур чадварын зөрүүтэй байдалтай ихээхэн холбоотой гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа.
Өнгөрсөн 2025 онд аж ахуйн нэгж, байгууллагуудад нийт 40 гаруй мянган ажиллах хүчний хомсдол бий болжээ. Ингэхдээ нийт хомсдолын дийлэнх хувийг бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар эзэлжээ. Улмаар ажиллах хүчний эрэлт байгаа ч шаардлагатай нийлүүлэлт хангалтгүйгээс үүдэн хомсдол бий болоход хүрчээ. Харин энэ онд 82 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх бөгөөд 5-н ажлын байр тутмын 4 нь Улаанбаатар хотод эрэлттэй байна.
Хэдийгээр ажиллах хүчний хомсдолын дийлэнх нь худалдаа, үйлчилгээ болон барилга, үйлдвэрлэлийн салбарт байгаа ч бүхий л салбарт хүний нөөц дутагдалтай байгааг иргэд болон аан-ийн төлөөлөл хэлдэг. Энэ нь татвар төлбөрийн зохицуулалт, цалин хөлсний хэмжээ, аан, байгууллагын соёл, уур амьсгал зэрэгтэй холбоотой гэдгийг иргэд онцоллоо.
Тэгвэл уг нөхцөл байдал нь ур чадварын зөрүүтэй байдалтай ихээхэн холбоотой гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа. Тодруулбал ажлын зар болон ажил хайж буй хүмүүсийн тоо олширч байгаа хэдий ч дэлхий дахины жишгээр өрсөлдөхүйц цалинтай, сайн нөхцөлтэй ажлын байранд өндөр ур чадвартай боловсон хүчин эрэлттэй байгаа юм. Харин худалдаа, үйлчилгээ, засвар зэрэг хүний гараар хийх шаардлагатай салбаруудад хүний нөөц дутуу буюу нийлүүлэлт хангалтгүй байна.
Мөн сүүлийн 3 жилийн дунджаар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ, банк санхүү, уул уурхай, барилгын салбар болон маркетинг болон хүний нөөцийн мэргэжилтнүүд ажлын байрны платформуудад эрэлттэй байгаа юм байна. Харин хамгийн өндөр цалинтай салбарын хувьд уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүү, эрүүл мэнд болон удирдах түвшний ажлын байрнууд байна.