Залилан үйлдсэн этгээдийн ашигласан дансыг 1-2 цагийн дотор царцаадаг болжээ

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдэгдсэн даруйд шуурхай хариу арга арга хэмжээ, мөнгөн хөрөнгөнд хязгаарлалт тогтоох, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн, хохирол нөхөн төлүүлэх чиглэлээр Нийслэлийн прокурорын газар болон арилжааны  банкуудтай хамтран 24 цагаар шуурхай баг ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн 30-40 хувь нь зөвхөн залилах гэмт хэрэг байна. Тэгвэл тэдгээрийн дийлэнх нь цахим орчинд үйлдэгдэж байгаа тул кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилагч этгээдийн ашигласан дансыг 1-2 цагийн дотор царцаадаг болжээ. Өмнө нь залилагчийн дансыг царцаахад 48-72 цаг шаардлагатай байсан бол ийнхүү хугацаа нь багассанаар энэ төрлийн гэмт хэргийг сааруулах, хохирогчийн алдсан мөнгийг залилагчаар буцаан төлүүлэхэд илүү хялбар болно гэж үзэж байна.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс нь 2026 оны I улиралд 8,5 тэрбум төгрөгийн хохиролтой  1342 гомдол хүлээн авснаас 51.7 хувь буюу 4.4 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоосон. Үүнээс иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн.

Иймд иргэд та бүхэн цахим залилан, халдлагад өртсөн тохиолдолд цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 5126-5666 утсанд хандан мэдээлэл өгснөөр таны алдсан мөнгөн хөрөнгөнд хязгаарлалт тогтоох боломжтой.

Мөн иргэд та бүхэн эх үүсвэр тодорхойгүй линк, хаягт нэвтрэхгүй байх, банкны нууц мэдээлэл болон OTP кодыг бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.