Хүнсний дэлгүүр, дугуй засвар, үсчин, гоо сайхан, кофе шоп зэрэг 146 худалдаа, үйлчилгээний бизнес эхлүүлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо

Өчигдрөөс эхлэн иргэд бизнесээ эхлүүлэхийн тулд ямар нэг төрийн байгууллагын зөвшөөрөл хүлээх шаардлагагүй боллоо. Засгийн газрын хуралдаанаас худалдаа, үйлчилгээ зэрэг 8 төрлийн нийт 146 үйл ажиллагааг ямар нэг зөвшөөрөлгүй болгохоор шийдвэрлэлээ. Мөн эрүүл мэндийн салбарынхны цалингийн тооцоололтой холбоотой ойлгомжгүй байдлыг цэгцэлж, ирэх сарын 1-ээс эхлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалингаас нэмэгдлүүдийг нь тооцуулахаар болжээ. 

Өмнө нь иргэд бизнес эхлүүлэхийн тулд зайлшгүй төрийн зөвшөөрөл нэртэй хүнд суртлаас болж 30 гаруй бичиг баримт бүрдүүлж, төрийн 140 орчим шат дамжлагыг давдаг байсан. Тухайлбал, иргэн хүнсний дэлгүүр нээхийн тулд 3 сар орчмын хугацаа зарцуулдаг байсан ч хүсэлт өгсөн иргэдийн тал хувь нь амжилтгүй болдог байсан байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хүнсний дэлгүүр, дугуй, засвар, үсчин, гоо сайхан, оёдол, кофе шоп зэрэг 146 худалдаа, үйлчилгээний бизнес эхлүүлэхдээ ямар нэгэн  дүгнэлт, гэрээ зэрэг зөвшөөрлийн бичиг цаас хөөцөлдөх шаардлагагүй болжээ.

Мөн хуралдаанаар эмч, ажилчдын нэмэгдлүүдийг нэмэгдсэн цалингаас тооцохоор боллоо. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд өнгөрсөн оны 12-р сарын засгийн газрын тогтоолоор 2 төрлийн үндсэн цалин мөрдөж байгаа нь салбарт үл ойлголцол үүсгээд байгааг салбарынхан шүүмжилсээр ирсэн. Иймд “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, тус салбарын цалин, урамшууллын тогтолцоог шинэчлэхээр болоод байна. Ингэснээр 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 1-ээс олгохоор болж байна.
Мөн засгийн газрын хуралдаанаар дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулахаар болжээ.