ЦЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр нийтэд мэдээлэл хийлээ. Өмнө нь залилах төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэн цагдаад гомдол гаргахад гэмт этгээдийн дансыг 3–4 хоногт битүүмжилдэг байсан бол одоо 1–2 цагийн дотор битүүмжилдэг болжээ. Ийнхүү дансыг битүүмжлэх хугацаа багассанаар энэ төрлийн гэмт хэргийг сааруулах, хохирогчийн алдсан мөнгийг залилагчаар буцаан төлүүлэхэд илүү хялбар болно гэж үзэж байна.
Зөвхөн энэ оны 1-р улиралд кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим залиланд өртсөн гэх 1342 гомдол мэдээлэл бүртгэгдэж, иргэд нийт 8.5 тэрбум төгрөгөөр хохирчээ. Гэвч ердөө 36 иргэний 343 сая төгрөгийг л нөхөн төлүүлж чадсан нь нийт бүртгэгдсэн хохирлын дөрөвхөн хувь болж байна.
Тэгвэл иргэн цахим залиланд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллага тус гомдлын дагуу арилжааны банкнуудад хүсэлт хүргүүлж, улмаар прокурорын байгууллагаар дамжуулан аймаг, дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсний дараагаар залилагч этгээдийн дансыг царцаадаг байжээ. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаанд багадаа 3-4 хоног зарцуулж байж залилагчийн дансыг царцааж чаддаг байсан гэсэн үг. Харин одоогоос эхэлж кибер гэмт хэрэгтэй газар, нийслэлийн прокурорын газар болон арилжааны банкнуудтай хамтран 24 цагаар шуурхай баг ажиллуулж, залилан үйлдсэн этгээдийн дансыг 1–2 цагийн дотор битүүмжилж, царцаан, шуурхай арга хэмжээ авдаг боллоо.
Залилагчийн дансыг хурдан битүүмжилж, царцаахын тулд нэн түрүүнд хохирогч иргэний шуурхай дуудлага хамгийн чухал байна. Өөрөөр хэлбэл иргэн та, цахим залиланд өртсөн даруйдаа цагдаагийн байгууллагын 102 дугаарт шуурхай залгаж, мэдээллээ өгөх ёстой. Хэдий чинээ хурдан мэдээллэнэ, төдий чинээ та алдсан мөнгөө буцаан авах боломж нэмэгдэнэ. 2025 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35 гаруй хувь нь залилангийн гэмт хэрэг байна. Жил ирэх тусам цахим орчны хэрэглээний өсөлтийг дагаад залилангийн арга улам нарийсаж байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байж, эх үүсвэр нь тодорхойгүй линк, хаягт дарж орохгүй байх, мөн банкны эрхээрээ үл мэдэх аппликэйшнд нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Иргэн та, эсвэл таны ойр орчмын хүн цахим залилан, халдлагад өртсөн бол цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар эсвэл кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 5126-5666 дугаарт хандан мэдээлэл өгснөөр таны алдсан мөнгөн хөрөнгөнд хязгаарлалт хийж, цааш дамжин алга болохоос өмнө шуурхай царцаах боломж бүрдэж байна.