АНУ-ын Луизиана мужид зэвсэгт этгээд орон сууцын хороололд гал нээсний уршгаар 8 хүн амиа алджээ

Ням гаргийн орой АНУ-ын Луизиана мужийн Батон-руж хотын нэгэн орон сууцны хороололд зэвсэгт этгээд халдлага үйлджээ. Тэрээр гал нээж найман хүүхдийг буудан хөнөөжээ. 
Халдлагад 1-ээс 12 хүртэлх насны 8 хүүхэд өртөж амиа алдсан бөгөөд тэд бүгд нэг гэр бүлийн ах дүүс байжээ. Цагдаа нар халдлагыг үйлдсэн байж болзошгүй 32 настай эрэгтэйг хэргийн газраас баривчилсан байна. Тэрээр хүүхдүүдийн ээжийн салсан нөхөр эсвэл хамтран амьдрагч байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тиймээс уг хэргийн шалтгааныг гэр бүлийн маргаанаас үүдэлтэй "Өшөө авалт" байх магадлалтай гэж үзэж байгаа ч албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байна. 
Батон-руж хотын дарга Шэрон Уэстон Брум хэрэг гарсан өдрийг АНУ болон Луизиана мужийн түүхэн дэх "Хамгийн хар бараан өдрүүдийн нэг" гэж нэрлээд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хяналтыг чангатгахаа мэдэгдлээ. 

Энэхүү хэрэг нь АНУ-д галт зэвсгийн хяналт болон гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг дахин хурцаар хөндөж эхэллээ. Өмнө нь халдлагын сэжигтэн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдаж байсан төдийгүй галт зэвсэгтэй холбоотой хэрэгт ч мөн холбогдож байсан нь тогтоогдсон байна. Өдгөө АНУ-ын муж улсууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдээс галт зэвсгийг нь хурааж, холбогдох этгээдийг галт зэвсэг худалдан авахыг бүх насаар нь хориглох зэргээр хуульдаа өөрчлөлт оруулж эхлээд байна.