Өнгөрсөн амралтын өдрөөр АНУ, Ираны эрх баригчид дэлхий дахиныг төөрөгдүүлэн, шийдвэрээсээ эргэж буцаж, тэр дундаа Ормузын хоолойг нээснээ хэдхэн цагийн дараа эргэн хаасан зэрэг зөрчилдөөнтэй алхам хийсэн нь бүс нутгийн нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байна. Тэгвэл өнөөдөр буюу даваа гарагт Пакистан улсад хэлэлцээ болох товтой байсан ч Иран улсын эрх баригчид оролцохоос татгалзсан бол АНУ-ын дипломат төлөөлөгчид Исламабад хотод газардсан талаар өрнөдийн хэвлэлээр мэдээллээ.
Ням гарагт АНУ-ын тэнгисийн цэргийн хүч Оманы буланд зорчиж явсан Ираны "Tоуска" хэмээх ачаа тээврийн хөлөг онгоцыг хүч хэрэглэн саатуулснаар олон улсын зах зээл болон дипломат харилцаанд томоохон савлагаа үүсгэлээ. Цагаан ордны тэргүүн Доналд Трамп болон АНУ-ын армийн төв командлалын зүгээс Ираны хөлөг онгоц тогтоосон бүслэлтийг зөрчсөн тул хөдөлгүүрийг нь идэвхгүй болгож, багийн гишүүдийг баривчилсан талаар мэдэгджээ. АНУ-ын зэвсэгт хүчин Ираны хөлөг онгоцны багийн ахмадад 6 цагийн турш анхааруулга өгсний эцэст зорчих хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд одоо АНУ-ын тэнгисийн явган цэрэг тус хөлөг онгоц дээрх ачааг шалгаж байгаа юм байна. Ираны эрх баригчид хөлөг онгоцыг нь барьцаалсан үйлдлийг "Далайн зэвсэгт дээрэм" хэмээн тодорхойлж, хоёр талын хооронд тогтоосон гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэрэгт буруутгалаа.
Одоогоор АНУ-ын засгийн газар Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлаагүй бөгөөд ерөнхийлөгч Доналд Трамп "хэлэлцээр батлагдах хүртэл бүслэлт үргэлжилнэ” гэж анхааруулжээ. Тэгвэл Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи "буу тулган хэлэлцээ хийх оролдлогыг тэвчихгүй” хэмээн эсэргүүцсэн байна.
Уг нь өнгөрөгч Бямба гарагт Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Израил Ливан хоёр түр хугацааны гал зогсоох хэлэлцээр байгуулсантай холбогдуулан арилжааны хөлөг онгоцнуудад Ормузын хоолойг "Бүрэн нээсэн" гэж мэдэгдсэн юм. Гэвч хэдхэн цагийн дараа Техран шийдвэрээ өөрчилж, АНУ-ын зэвсэгт хүчин Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ зогсоохгүй байгаа тул хоолойг дахин хааж, өөрсдийн хяналтад авснаа зарласан байна.
Бямба гарагт Ормузын хоолойгоор энэтхэг болон Францын арилжааны хөлөг онгоцнууд нэвтрэхийг завдсан ч Ираны хувьсгалт гвард анхааруулах гал нээж, тээврийн замын хөдөлгөөнийг дахин хааснаа баталжээ.
4-р сарын 20-ны өдөр болох хэлэлцээнд оролцох АНУ-ын төлөөлөгчдийн багийг дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ахалж, бүрэлдэхүүнд нь Стив Виткофф болон Жаред Кушнер зэрэг Ираны эсрэг хатуу байр суурь баримталдаг хууль тогтоогчид багтаж байгаа юм. Хэдийгээр Ираны төлөөлөгчид хэлэлцээний ширээний ард суухгүй гэж мэдэгдсэн ч ОХУ, БНХАУ, Турк зэрэг улсын эрх баригчид Техраныг ятгаж байгаа тул уулзалт болох нь дамжиггүй гэж Ройтерс агентлаг мэдээллээ.