Олон улсын математикийн хамгийн чухал тэмцээнүүдийн нэг болох IMC буюу математикийн олон улсын олимпиадыг энэ онд анх удаа Монгол улсад зохион байгуулах гэж байна. Тус олимпиадад нэг улсаас ангилал тус бүрд 8 сурагч буюу 16 сурагч оролцох эрхтэй бол манай улсын хувьд эх орондоо зохион байгуулж буй онцгой нөхцөлийн дагуу нийт 80 сурагч оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм байна.
“International Mathematics Competition” нь олон улсын чанартай нэр хүндтэй математикийн олимпиад бөгөөд 1999 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн түүхтэй. Тус олимпиадад дэлхийд математикийн боловсролоор тэргүүлэгч 30 гаруй орны шилдэг сурагчид оролцдог байна. Манай улс 2010 оноос хойш “International Mathematics Competition” олимпиадад тогтмол, амжилттай оролцсоор ирсэн бөгөөд өнгөрөгч онд вьетнам улсад зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тэмцээнээс цом хүртсэнээр энэ онд эх орондоо зохион байгуулах эрхийг авч, 80 суралцагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ тус олимпиадад нэг улсаас бага анги буюу 4–6-р ангийн 8 сурагч, дунд анги буюу 7–9-р ангийн 8 сурагч гэсэн 2 ангиллаар нийт 16 сурагч оролцох эрхтэй байдаг байна. Харин манай улсын хувьд энэ жил эх орондоо зохиож буй онцгой нөхцөлийн дагуу 80 сурагч оролцохоор бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.
Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор бага дунд шатны математикийн олимпиадыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатыг энэ оны 1-р сард улс орон даяар явагдсан. Харин удаах шат буюу улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагджээ. Сонгон шалгаруулалтад нийт 21 аймаг болон Улаанбаатар хотын 60 гаруй сургуулийн 750 орчим сурагч оролцож 6–р ангийн 40 сурагч, 9-р ангийн 40 сурагч тус тус шалгарч олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болжээ.
Энэхүү арга хэмжээ нь Монгол сурагчдын олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шилдэг ирээдүйтэй математикчдыг дэмжих, боловсролын салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болно гэж зохион байгуулагчид үзэж байна. 26 дахь удаагийн “international mathematics competition” олимпиад энэ оны 7 дугаар сарын 22–27-ны өдрүүдэд налайх дүүрэгт байрлах “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн кампуст зохион байгуулагдахаар болоод байна.