Энэ оны эхний улирлын байдлаар 90 мянган ААН, байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоожээ

Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьж буй ААН, байгууллагуудын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар 90 мянган ААН, байгууллага хаалгаа барьжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн ААН-ийн 87 хувь нь 1-9 тооны ажилтантай. Тиймээс жижиг, дунд бизнесийг дэмжих үүднээс татвар төлбөрийн хэмжээг багасгах шаардлагатай. Харин үүний тулд төрийн данхар бүтцээсээ салах ёстой гэдгийг эдийн засагчид хэлсээр байна.

ААН, байгууллагууд орлогоосоо хамаарч 1-25 хувийг орлогын албан татварт, 10 хувийг нэмэгдсэн өртгийн албан татварт, ажил олгогч ажилтан нийлээд 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэл цаашлаад үйл ажиллагаанаас хамаараад онцгой албан татвар, гаалийн албан татвар гээд ашгийнхаа 40-50 хувийг татварт төлдөг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ААН, байгууллагын үйл ажиллагаа хумигдаж, хаалгаа барьж буй тохиолдлууд олширч байна. 

2024 онд иргэн, ААН, байгууллагын татвар төлөлтийн хэмжээ 17 их наяд төгрөг байсан хэдий ч өнгөрсөн онд 14 их наяд болж буурчээ. Тухайлбал энэ оны эхний улирлын байдлаар л гэхэд статистикийн регистрийн санд бүртгэлтэй 268 мянган ААН, байгууллагын 44 хувь нь л үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийг ажилтны тоогоор нь авч үзвэл 87 хувь 1-9 ажилтантай бол 6 хувь нь 10-19 ажилтантай байгаа юм. Үүнээс үзвэл жижиг, дунд бизнес эрхлэгчид ААН, байгууллагын дийлэнх хувийг эзэлдэг гэсэн үг. Тэгвэл жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зүгээс татварын хэмжээг бууруулах, далд секторыг ил болгох хэрэгтэй гэдгийг хэлж байна. 
Тэгвэл эдийн засагчдын зүгээс манай улсад ААН, байгууллагыг дэмжих бодлого байдаггүй гэж үзэж байна. Иймд татварын системийг ил тод болгох нь нэн чухал бөгөөд төрийн данхар бүтцийг багасгах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

Угтаа бол манай улсын хувьд уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай тул үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжих нь өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч засгийн газар, төрийн тогтворгүй байдал болон сонгуулиас сонгуулийн хооронд улсын онц шаардлагатай салбарууд доройтож байна.