Энэ жилээс явган хүний замаар скүүтер, мопедтой зорчихыг хориглосон ч хэрэгжилт хангалтгүй байна

Энэ жилээс скүүтер, мопедыг явган хүний замаар хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Гэвч өнөөдрийн байдлаар хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Иймд өнөөдрөөс эхлэн бага тойруу дотор олон нийтийн 185  цагдаа скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин ажиллаж эхэллээ. 
—Нийслэл хотын хэмжээнд скүүтер, мопедтой зорчих иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар скүүтер, мопед түрээслэх үйлчилгээг 6 ААН нийт 20  мянга гаруй скүүтер, мопедны түрээсийн үйлчилгээ эрхэлж байна.
—Судалгаагаар тэдгээр тээврийн хэрэгслийг өдөрт дунджаар 36 мянга гаруй хүн унаж, хөдөлгөөнд оролцдог байна.
—Гэвч нийслэлд явган хүний замын хүртээмж тааруу тул түүгээр алхаж яваа явган хүнийг мөргөж гэмтээх, эсвэл авто замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдөө машинд мөргүүлэх, унах, гэмтэж бэртэх тохилдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна.  Зөвхөн өнгөрөгч 2025 онд цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтертэй холбоотой ослын улмаас нийт 2820 иргэн гэмтэж, бэртсэн байна.

—Тиймээс энэ жилээс түрээсийн скүүтер, мопедыг 16 нас хүрсэн хүн унаж замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийсэн ч зарим аж ахуй нэгжийн скүүтер, мопедыг 16 нас хүрээгүй хүүхэд унаж хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна.
Жил ирэх тусам энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ осол, аваар ч мөн өсөж байна. Скүүтер, мопед, унадаг дугуй, суррон зэрэг хэрэгслийг явган хүний замаар зорчихыг хориглож, дугуйн замаар, харин дугуйн зам байхгүй тохиолдолд авто замын баруун гар талын захаар хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байдаг. Гэвч энэхүү зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн скүүтер, мопед хэрэглэж буй иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын бус газар орхих нь элбэг бөгөөд энэ нь явган хүний зам тааруухан нийслэл хотод явган зорчигчдод хүндрэл учруулж байна. Сүүлийн 4 хоногийн хугацаанд л гэхэд замын хөдөлгөөнд оролцох явцад 48 хүн гэмтэл авсан нь иргэд айдасгүй, аюулгүй алхах боломж алга гэж бухимдаж байна.

Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналтыг цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа нар хамтран хяналт тавин ажиллахаар шийдвэр гаргасан.  Эдгээр олон нийтийн цагдаа нар нь замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.

Өнөөдрийн байдлаар бага тойруу дотор 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна. Oлон нийтийн цагдаагийн хэлж байгаагаар зарим ухамсартай иргэд шаардлагыг хүлээж авч байгаа бол зарим нь үл тоосон хандлага гаргаж байгааг хэлж байна.

Хэдий олон нийтийн цагдаа нар хөдөлгөөнд хяналт тавьж байгаа ч явган хүний зам болон скүүтер, мопед зорчих зориулалтын зам хангалтгүй байна. Тиймээс ундаг дугуй, скүүтерт зориулсан дэд бүтэц хангалтгүй байхад энэ төрлийн бизнесийг дэмжиж байгаа нь нэг талдаа гэмгүй алхаж яваа иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж, “шахааны бизнес” мэт харагдахад хүргэж байна. Нөгөө талдаа иргэдийг түгжрэлгүй, хурдан шуурхай зорчих боломжоор хангаж байгаа эерэг талтай ч хөдөлгөөний дутагдлаас шалтгаалж таргалалт нэмэгдэж байгаа энэ үед ихэнх хэрэглэгч нь залуучууд байгаа нь алхах, гүйх зэрэг биеийн идэвхтэй хөдөлгөөнийг багасгаж, урт хугацаандаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг дагуулж байгаа юм.