Өмнө нь дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэхэд тэрхүү нэмэлт хэрэгцээг хангахын тулд нүүрс, хийн цахилгаан станцуудыг түлхүү ашигладаг байсан юм. Харин өнгөрсөн 2025 онд анх удаа шинээр ашиглалтад орсон нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн эрчим хүч нь дэлхийн нийт хэрэгцээний өсөлтийг бүрэн хангаад зогсохгүй илүү гарсан байна.
2025 онд дэлхийн эрчим хүчний салбарт түүхэн өөрчлөлт гарч, шилжилт бодитоор эхэлсэн жил байсан гэж мэдээллээ. Тухайлбал шинэ судалгаагаар, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг анх удаа бүрэн хангаж, бүр илүүдэлтэй гарсан байна. 2025 онд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 35 гаруй хувийг сэргээгдэх эх үүсвэрүүд бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оныхоос 2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Цэвэр эрчим хүчний огцом өсөлт нь чулуужсан түлшний хэрэглээг шахаж эхэлсэн бөгөөд дэлхийн хэмжээнд нүүрснээс гаргаж авах эрчим хүч 1.2 хувиар буурчээ. Зөвхөн 2025 онд дэлхий даяар 540 гегаватт хүчин чадалтай нарны цахилгаан станц шинээр ашиглалтад орсон нь 2023 оныхоос хоёр өндөр үзүүлэлт байна. Дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдсэн нийт цэвэр эрчим хүчний 55 хувийг хятад улс дангаараа бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг түүчээллээ. Өмнө нь дэлхийн хэрэглээ өсөх бүрд нүүрс, хийн хэрэглээ дагаж нэмэгддэг байсан бол 2025 онд энэ хамаарал тасарсныг судлаачид онцолж байна. Энэ нь хүн төрөлхтөн эдийн засгаа тэлэхийн тулд байгаль орчноо заавал бохирдуулах шаардлагагүй болсон "салгах үйл явц" бодитой хэрэгжиж эхэлснийг нотолжээ.
Тэгвэл хиймэл оюун ухааны тэсрэлт нь дэлхийн цахилгаан эрчим хүчний зах зээлийг үндсээр нь өөрчилж байна гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн дата төвүүдийн цахилгаан зарцуулалт 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 1,000 тераватт.цаг-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь япон улсын жилийн нийт хэрэглээтэй тэнцэх хэмжээ байна. 2025 онд дата төвүүдэд орох хөрөнгө оруулалт 580 тэрбум ам.долларт хүрч, түүхэндээ анх удаа дэлхийн газрын тосны олборлолтын хөрөнгө оруулалт болох 540 тэрбум ам.долларыг давжээ. Түүнчлэн одоогоор дэлхий даяар 70 гегаваттын хүчин чадалтай цөмийн реакторууд баригдаж байна. 2030 он гэхэд анхны арилжааны жижиг модулийн реакторууд ашиглалтад орж, алслагдсан бүс нутаг болон дата төвүүдийг эрчим хүчээр хангах хүлээлттэй байна.