Хархорин захыг шинэ суурьшлын бүс яармагтай холбох дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Тодруулбал Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууссан ба энэ 12 сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Хархорин зах орчмоос Яармаг хүртэл богино хугацаанд зорчиж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Дүүжин замын тээвэр нь барилгын хугацаа богино, хөрөнгө оруулалт харьцангуй бага, газар чөлөөлөх шаардлага багатайгаас гадна байгаль орчинд ээлтэй байна. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэхгүй. Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор барилга угсралтын ажил 70 орчим хувьтай явж байна гэдгийг хэлж байна
Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, хоёр буудал болон гараашийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна мөн дүүжин замын тээврийн системийн үндсэн бүрэлдэхүүн болох хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн иржээ. Тус бүр нь 56 тонн жинтэй, нийт 112 тонн бүхий хоёр том дамраас бүрдэх юм байна. Мөн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг бүгд найрамдах франц улсаас импортолсон. Дөрөвдүгээр сарын сүүлээр кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ
Уг төсөл нь энэ оны 10 дугаар сард бүрэн дуусаж, туршилтын ажил эхлэхээр төлөвлөгдөж байна. Туршилтыг ус, элс, хайрга ашиглан хийх бөгөөд туршилт дууссаны дараа улсын комисс хүлээн авна. Үүний дараа 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн дүүжин тээврийн кабинуудаас одоогоор 20 гаруй нь ирээд байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь ирэх 5 сарын хугацаанд багтаж нийлүүлэгдэх юм байна.