Өчигдөр буюу лхагва гарагт АНУ, Ираны хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцооны хүчинтэй хугацаа дуусгавар болж байна. Харин уг тохиролцооны эцсийн хугацаа дуусахаас өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд дайны галыг зогсоох шаардлагатай байна гэж мэдэгдлээ.
Иймд тэрээр гал зогсоох хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгаж байгаагаа онцлон тэмдэглэлээ. Уг шийдвэр нь олон мянган хүний аминд хүрч, дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгосон дайныг зогсоох энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх боломжийг олгож байна. Мягмар гаргийн өглөө Доналд Трамп Ираны эсрэг хүч хэрэглэнэ хэмээн сүрдүүлсэн ч тухайн өдрийн орой нь тэрээр байр сууриа зөөлрүүлж, зуучлагч Пакистан улсын хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрээр "Ираны удирдагчид болон төлөөлөгчид нэгдсэн санал боловсруулах хүртэл дайралтаа түр зогсоож байна" гэж хэллээ. Гал зогсоох шийдвэр нь АНУ-ын талаас гаргасан нэг талын алхам бөгөөд Иран болон Израил хоёр гал зогсоох төлөвлөгөөнд нэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
Ираны төрийн өмчит "Тасним" мэдээллийн агентлаг тус улсын эрх баригчид гал зогсоох хүсэлт гаргаагүй бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчний тэнгисийн бүслэлтийг хүчээр сэтлэхээ дахин сануулсныг дамжууллаа. Ираны парламентын даргын зөвлөх Махди Мохаммади "Энэ бол гэнэтийн цохилт өгөх цаг хожих гэсэн Трампын заль мэх" хэмээн шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф дипломат хүчин чармайлтыг дэмжиж, хүсэлтийг нь хүлээн авсан Доналд Трампад талархал илэрхийллээ. Тэрээр Исламабад хотод болох хэлэлцээний хоёр дахь шатанд талууд иж бүрэн "Энхийн гэрээ" байгуулна гэдэгт найдаж байгаагаа уламжилжээ. Мягмар гарагт Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменей төлөөлөгчдөө Пакистан руу илгээх шийдвэр гаргасан байна. Үүнээс өмнө Ираны хувьсгалт гвардийн зүгээс АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоохгүй бол хэлэлцээ хийхгүй гэж шахалт үзүүлж байсан тул шийдвэр тодорхойгүй байсан юм. Пакистан, Египет, Турк улсууд Ираны талыг хэлэлцээнд оролцохыг хүчтэй ятгаж, дипломат хүчин чармайлт гаргасны үр дүнд уг шийдвэр гарсан гэж өрнөдийн хэвлэлээр мэдээллээ.