Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч ирэх 6-р сард болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Ираны шигшээ багийг хасаж, оронд нь эрхээ авч чадаагүй Италийн шигшээ багийг оролцуулах саналыг олон улсын хөлбөмбөгийн холбоонд гаргасан байна. Трампын төлөөлөгч Паоло Замполли дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг тэмцээнд оролцох эрхтэй гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Уг алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Италийн Ерөнхий сайд Ж.Мелони нарын хооронд үүсээд байгаа таагүй харилцааг засах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. Геополитикийн нөхцөл байдал тааруу, бүс нутагт дайн мөргөлдөөн гарсан байгаа ч Ираны эрх баригчид шигшээ багаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход саад болохгүй гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Ираны засгийн газраас АНУ дахь тоглолтуудаа Мексик улс рүү шилжүүлэх хүсэлтийг олон улсын хөл бөмбөгийн холбоонд гаргажээ. Хэрэв Фифа Ираны хүсэлтийг хүлээж авахгүй бол Италийн шигшээ орлож тэмцээнд оролцож болзошгүй гэж Өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна.
Энэ сарын эхээр Фифа буюу олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино "Ираны баг дэлхий аварга шалгаруулах тэмцээнд ирэх нь гарцаагүй" гэж мэдэгдээд байна. Мөн тэрээр Турк улсад тэмцээний бэлтгэлээ хангаж байгаа Ираны шигшээ багийн тамирчидтай уулзсанаа хэлсэн юм. Тэгвэл одоогоор Ираны хэсгийн шатны гурван тоглолт бүгд АНУ-д болохоор төлөвлөгдсөн байгаа юм. Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "Ираны хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг манай улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг урьж байна. Гэхдээ тэдний амь нас, аюулгүй байдлын төлөө гэж хэлэхэд энэ нь зохисгүй шийдвэр байх" хэмээн цахим хуудастаа бичсэн юм. Саяхан сэтгүүлчид Иран тэмцээнд оролцох эсэхийг Д.Трампаас лавлан асуухад тэрээр "Надад үнэхээр хамаагүй" гэж хариулсан юм.