Энэ Мягмар гарагт Их Британийн парламент ирээдүй хойч үеэ тамхины хамаарлаас бүрэн ангижруулах зорилготой "Тамхи болон вэйпийн тухай хууль"-ийг эцэслэн баталлаа. Ингэснээр тус улс тамхины эсрэг дэлхийн хамгийн хатуу хяналттай орнуудын нэг болж байна.
Шинэ хуулийн дагуу 2009 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн Их Британийн ямар ч иргэн насан туршдаа хууль ёсоор тамхи худалдаж авах боломжгүй болж байна. Мөн өсвөр насныхны татдаг vape буюу электрон тамхины чихэр, жимсний амтыг хязгаарлаж, сав баглаа боодлыг нь хүүхдийн анхаарлыг татсан хэлбэр, дүрстэй үйлдвэрлэхийг хориглолоо.
Тэгвэл хууль бусаар тамхи худалдсан дэлгүүр, цэгүүдэд газар дээр нь 100 фунт стерлинг буюу 120 орчим ам.долларын торгууль оногдуулахаас гадна шүүхийн шийдвэрээр үүнээс өндөр дүнгээр торгох эрхийг орон нутгийн засаг захиргаанд олгожээ.
Их Британийн Ерөнхий Сайд Кейр Стармер болон эрүүл мэндийн байгууллагууд тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулснаар улсын төсвөөс нь эрүүл мэндийн салбарт зарцуулдаг тэрбум тэрбум фунт стерлингийг хэмнэх боломжтой гэж үзэж байна.
Тус улсад жилд дунджаар 80 мянга орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас бардаг байна. Уг хуулийн төсөл нь парламентын хоёр танхимаар дэмжигдсэн бөгөөд ирэх долоо хоногт Хаан Чарльзын соёрхлыг хүртсэнээр албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж мэдээллээ.