Манай улс 2014 оноос өмнө дутуу төрсөн нярайн нүдний эмгэгийг эрт илрүүлж эмчлэх боломж хомс байсан. Тэгвэл 2014 оноос эхлэн “Орбис” олон улсын байгууллага эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-тэй хамтран дутуу нярай, гүйцэд нярай болон бага насны хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх 4 төсөл хэрэгжүүлж үүний үр дүнд олон нярайг хараагүй болохоос сэргийлж бүрэн эмчилж чаджээ. Харин одоо 5 дахь төслөө хэрэгжүүлж эхлэх гэж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 21 аймагт хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх боломж бүрдэх юм байна
Улсын хэмжээнд жилд дунджаар 800 орчим хүүхэд дутуу төрдөг байна. Судалгаагаар дутуу төрсөн нярайн 30–40 хувь нь нүдний эмгэгтэй байдаг гэж тогтоогджээ. Энэ тоог 12 жилээр тооцоход нийт 3600 орчим хүүхэд нүдний эмгэгээ эрт илрүүлж, эмчилгээ хийлгэж чадаагүйгээс хараагүй болох эрсдэлтэй байжээ. Харин 2014 оноос эхлэн “Орбис” олон улсын байгууллага нь эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 4 төсөл хэрэгжүүлсний үр дүнд 17 аймагт хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх тогтолцоог бий болгожээ.
Хүүхэд мэдээллийнхээ 80 орчим хувийг хараагаараа дамжуулан хүлээн авч, түүндээ үндэслэн сэтгэн бодож, орчноо танин мэдэж, сурч хөгждөг. Тиймээс хүүхдийн нүдний хараа сайн байх нь тэдний сурч боловсрох, бие хүн болж төлөвших замналын гол хөтөч болдог. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд гар утас, цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүдний эмгэгийн тохиолдол өсөх хандлагатай байна. Мөн зарим тохиолдолд хүүхэд болон эцэг эхчүүд нүдний эмгэгийг анзааралгүй, мэдэхгүй явсаар хүндрүүлэх явдал гардаг байна
“Орбис” олон улсын байгууллага нь эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-тэй хамтран хэрэгжүүлэх 5 дахь төсөл нь 2026–2029 онд, 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлж, нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулж, орон нутагт хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна төслийн хүрээнд Улаанбаатар хотын 3 дүүрэг болон 5 аймгийн эмнэлгүүдэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаж, хүүхдийн нүдний мэс заслын тусламж үйлчилгээг бэхжүүлнэ. Төсөл хэрэгжих хугацаанд нийт 200,000 хүүхдийг нүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ