АТГ: Замын-Үүд дэх гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар 3 сэжигтнийг баривчлах арга хэмжээ авчээ. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан байна

Манай улсын хувьд өнгөрөгч 2024 онд авлигын төсөөллийн индексээр 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээр байрт оржээ. Ингэснээр 10 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч ийнхүү үнэлэгджээ манай улсад хууль эрх зүйн орчин байгаа ч хэрэгжилт хангалтгүй, зарим тохиолдолд ялгавартай үйлчилдэг байна. Иймээс хуулийн хэрэгжилтийг хангах, тэгш шударга байдлыг сайжруулахад онцгой анхаар ч байж энэ төрлийн авилгийн хэрэг буурна гэдгийг хэлж байна

Авлигатай тэмцэх газарт өнгөрөгч онд 3040 гаруй өргөдөл, гомдол иржээ. Үүний 30 орчим хувь нь аж ахуйн нэгжүүдээс ирсэн байна. Авлигатай холбоотой гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд 65 тохиолдол бүртгэгдсэн бол энэ онд 84 тохиолдол бүртгэгджээ. Энэ үзүүлэлтээс харахад манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байгаа юм