Хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 14 төлөгчид 7-30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулжээ

Энэ сарын 22-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр хүүхдийн тэтгэлгийн асуудал яригдсан бөгөөд төрөөс сан байгуулж, хугацаанаасаа хоцролгүйгээр олгогдох асуудлыг төслийн агуулгад оруулах ёстой гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм. Тэгвэл нэг талаас хүүхдийн эрхийн асуудал боловч нөгөөтээгүүр гэр бүлийн тухай хуулийн хүрээнд авч хэлэлцэх асуудал эсэх нь маргаантай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Энэ оны эхний улирлын байдлаар хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй, тэжээн тэтгэх үүргээс зайлсхийсэн 35 тэтгэлэг төлөгчид зөрчлийн хэрэг үүсгэх саналд холбогдох ажиллагааг хийсэн байна.
  • Тухайлбал 14 тэтгэлэг төлөгчид 7-30 хоног баривчлах, 10-50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэлийг ногдуулжээ.
  • Цаашлаад 5 тэтгэлэг төлөгчид 100 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.
  • Улмаар 35 гүйцэтгэх баримт бичигт хуримтлагдсан 105 сая гаруй төгрөгийн төлбөр төлөгджээ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоох бөгөөд хэмжээг нас харгалзан тогтоодог. Тухайлбал 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцдог. Харин 11-16 болон суралцаж байгаа бол 18 нас хүртэл мөн хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингээр тогтоодог байна. Үүнээс гадна эцэг эхчүүд харилцан тохиролцож тэтгэлгийн хэмжээг тогтоож болдог. Гэсэн хэдий ч биелэлт хангалтгүй байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд шүүхээр гэр бүл цуцлуулсан 6800 орчим иргэн хүүхдэд тэтгэлэг олгох ёстой ч 50 хувь нь тогтмол төлдөг гэдгийг мэргэжилтэн онцоллоо.

Угтаа шүүхийн шийдвэрийн дагуу заагдсан хугацаанд хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй тохиолдолд албадлагын арга хэмжээг авдаг. Ингэхдээ цалин хөлс болон мөнгөн хөрөнгөөс гаргуулах, хөдлөх хөрөнгөөс суутгах цаашлаад хилийн хориг тавьдаг байна. Мөн 3 сараас дээш хугацаагаар тэтгэлгийг төлөөгүй тохиолдолд баривчлах, торгох, албан сургалтад хамруулах зэрэг шийтгэлийг ногдуулдаг юм. Гэсэн хэдий ч биелэлт хангалтгүй байгаатай холбоотойгоор төрөөс сан байгуулж, хугацаанаасаа хоцролгүйгээр олгогдох асуудлыг гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах ёстой гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм.

Тэгвэл уг асуудалд мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд төлөхгүй байх нөхцөл байдлыг бий болгох магадлалтай байна. Тухайлбал өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн зохицуулалт байдаг ч манай улсын хувьд харьцангуй ялгаатай. Цаашлаад төрөөс сан байгуулж тэтгэлгийг төлөх асуудал нь гэр бүлийн тухай хуулийн хүрээнд авч хэлэлцэх эсэх нь маргаантай бөгөөд хууль бодит амьдралд хэрэгжихүйц байх ёстой гэдгийг онцоллоо.

Түүнчлэн гэр бүл цуцлагдсан ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэдгийг эцэг эхчүүд ухамсарлах шаардлагатай гэдгийг салбарын төлөөлөл хэлж байсан юм. Мөн нэг талаар хүүхдийн эрхийн асуудал яригдаж байгаа ч нөгөөтээгүүр манай улсын хувьд тэжээх тэтгэх үүргээ биелүүлээгүй иргэнд тооцох хариуцлага, шийтгэлийг нарийвчлан авч үзэх хэрэгтэй гэдгийг хуульч онцоллоо.