ДЭМБ 2023 оноос хойш  хөгжиж буй орнуудад 100 сая тун вакцин нийлүүлжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын вакцины холбоо хамтран цар тахлын улмаас хүүхдийн дархлаажуулалт буурсантай холбогдуулан 2023 оноос хойш дэлхий даяар 18.3 сая хүүхдэд нийт 100 сая гаруй тун вакцин нийлүүлжээ. Дээрх байгууллагууд 2023 оны "Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног"-ийн үеэр хоосон орон зайг нөхөх санаачилгыг анх эхлүүлсэн байна. 

36 улсын  1-ээс 5 хүртэлх насны хүүхдүүдэд чиглэсэн уг дархлаажуулалтын аян энэ оны 3-р сард дууссан байна. Өмнө нь нэг ч тун вакцин хийлгэж байгаагүй 12.3 сая орчим хүүхдийг сахуу, саа өвчний эсрэг вакцины дархлаажуулалтад хамруулжээ. Уг аянаас өмнө нийт 15 сая орчим хүүхэд улаан бурхны эсрэг вакцины тарилга огт хийлгээгүй байсныг албаныхан дурдсан байна. 

Эцсийн мэдээллийг нэгтгэж дуусаагүй байгаа ч дэлхийн хэмжээний энэхүү санаачилга нь вакцинд хамрагдаагүй болон дутуу хамрагдсан дор хаяж 21 сая хүүхдэд хүрэх зорилтоо биелүүлэхээр байгаа юм байна. 

Энэхүү хүчин чармайлт нь АНУ зэрэг хандивлагч орнууд тусламжаа танаж байгаа энэ цаг үед өрнөж байна. Гэхдээ жил бүр сая сая нярай хүүхдүүд урьдчилан сэргийлэх боломжтой сахуу, саа, улаан бурхан зэрэг өвчнөөс хамгаалах үндсэн дархлаажуулалтаас хоцорч, эрсдэлд орсон хэвээр байгаа юм. НҮБ-ын хүүхдийн сангийн дархлаажуулалт хариуцсан дарга Эфрем Леманго сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг эрс танасан нь "Дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд ноцтой нөлөөлж, өндөр үнээр олж авсан ололт амжилтыг нурааж болзошгүй байна" гэж мэдэгджээ. 

Өнгөрсөн жил АНУ-ын эрүүл мэндийн сайд бөгөөд вакцинд эргэлзэгч Роберт Ф.Кеннеди дэлхийн хамгийн ядуу орнуудад вакцин худалдан авахад тусалдаг олон улсын вакцины холбоонд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг зогсоосон юм.  Тэрээр тус холбоо нь нийлүүлж байгаа вакциныхаа аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулдаггүй гэж буруутгаж байсан юм. 

2023 оны байдлаар 14.5 сая орчим хүүхэд үндсэн вакцинаас хоцорсон бол олон улсын мөргөлдөөнтэй байгаа орнуудад энэ үзүүлэлт хамгийн өндөр байна.