Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын томоохон хотуудад гар утасны интернэт сүлжээ тасалдаж байгаа явдлыг "Террорист халдлагаас урьдчилан сэргийлэх" аюулгүй байдлын амин чухал арга хэмжээ гэж тодорхойлжээ. 2026 он гарсаар ОХУ-ын ихэнх томоохон хотуудад интернэт хязгаарлалт эрчимжиж, олон нийтийн дунд бухимдал үүссэний дараа тэрээр анх удаа ийм тайлбар өгсөн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Гэмт хэрэгтнүүд бүх зүйлийг сонсож, харж байдаг. Хэрэв тэдэнд ямар нэгэн мэдээлэл хүрвэл тэд эрүүгийн зан авир, гэмт хэргийн төлөвлөгөөгөө өөрчлөх нь дамжиггүй. Иймд урьдчилан мэдэгдэлгүйгээр сүлжээг тасалж байгаа" гэж мэдэгджээ.
Ийнхүү В.Путин үндэсний аюулгүй байдлын үүднээс интернэт таслах шаардлагатай байгааг хэлж байгаа бол тус улсын иргэдийн дийлэнх олонх уг шийдвэрийг "Дижитал төмөр хөшиг" гэж шүүмжилж байна.
2022 онд дайн эхэлснээс хойш ОХУ-д Фэйсбүүк, Инстаграмм, X платформуудыг "Экстремист" хэмээн үзэж, үйл ажиллагааг нь зогсоосон бол 2025 онд Youtube, Whatsapp, Telegram зэрэг платформуудын хэсэгчлэн хязгаарлаж, хэрэглэгчийн хаягуудад шалгалт хийж эхэлжээ.
Өнгөрөгч оны 12-р сард батлагдсан шинэ тогтоолын дагуу ОХУ-ын интернэт сегментийг дэлхийн сүлжээнээс бүрэн тусгаарлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Энэ санаачилгын хүрээнд тус улсад бүртгэлтэй бүх гар утсанд төрийн хяналттай "Mакс" хэмээх мессенжэрийг заавал суулгасан байх шаардлага тавьж байгаа ажээ.
Пүрэв гарагт Владимир Путин ОХУ-ын дижитал хөгжлийн сайд Максут Шадаевт аюулгүй байдлын албаныхантай нягт хамтран ажиллаж, төрийн үйлчилгээ, банк, эмнэлгийн бүртгэл зэрэг амин чухал системүүдийн тасралтгүй ажиллагааг хангах "Цагаан жагсаалт" гаргахыг даалгажээ. Төрийн дэмжлэгтэй Макс мессенжер зэрэг платформуудыг “Цагаан жагсаалт”-д оруулж, сүлжээ тасарсан үед ч ажиллуулах зорилготой юм байна.
ОХУ-ын олон бүс нутагт өдөр бүр интернэт тасалдах болсон нь такси захиалах, цахим төлбөр тооцоо хийх, тэр байтугай чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахрыг хэмждэг төхөөрөмжийн ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж байгааг эх сурвалжууд хэлж байна.