Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох асуудлаар УИХ-ын гишүүд лобби бүлэг байгуулжээ

Өнгөрөгч 2-р сард цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгох иргэдийн санал гарч, цахимаар гарын үсэг цуглуулсан ч хуульд заасан 100 мянган хүний дэмжлэгт хүрээгүй тул уг асуудал орхигдсон юм. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын зарим гишүүд дэмжиж, лобби бүлэг байгуулжээ. 

Зөвхөн өнгөрсөн оны 12-р сарыг авч үзэхэд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид өссөн дүнгээр 159 орчим мянган эх хамрагдаж, тэдэнд нийгмийн халамжийн сангаас 67 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. Ганцхан сарын хугацааг авч үзэхэд л тус мөнгөн дүн 670 тэрбум төгрөг болон нэмэгдэнэ гэсэн үг. Иймд улсын төсөв таазандаа тулсан өнөө үед энэ хэмжээний мөнгө төсөвлөх боломжгүй гэж эдийн засагч тайлбарлаж байна. 

Хэдийгээр шинээр амаржсан ээжүүдийн хувьд тэтгэмжийг 10 дахин нэмэгдүүлэх нь бодит дэмжлэг болох хэдий ч нөгөө талдаа төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс мөнгөн халамжийг огцом өсгөхөөс илүүтэйгээр ээж нарыг ажиллах боломжоор хангах, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого илүү оновчтой гэж эдийн засагч үзэж байна.