Одоогоос жилийн өмнө Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлага иргэдийн өлсгөлөн, жагсаал цуглаан зэрэг эсэргүүцэлтэй тулгарсан ч ТҮЦ-үүдийг амжилттай нүүлгэн шилжүүлсэн юм. Гэвч ерөнхий сайд 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлсөн шийд гармагц иргэд буцаан ТҮЦ-үүдээ ажиллуулж эхэллээ. Харин нийслэлчүүд үүнийг эрс эсэргүүцэж байна.
Өнгөрсөн жил ТҮЦ-үүдийг цэгцэлснээр нийслэлийн гудамж, талбай илүү цэвэрхэн, чөлөөтэй болж, сургууль орчмын бага насны хүүхдүүд чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь эрс багассан. Гэтэл жилийн ойн дээрээ ерөнхий сайд учрал-ын “Чөлөөлөх” санаачилгын хүрээнд найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлсөн. Үүнд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөөс чөлөөлөхөөр мэдэгдсэнээр ТҮЦ эрхлэгчид эхнээсээ дахин ТҮЦ-ээ байршуулж, худалдаа үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Харин иргэдийн зүгээс ариун цэвэр, стандартын шаардлага хангаагүй үйлчилгээний газруудаас салах ёстой гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлж байна.
Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс ерөнхий сайд Н.Учрал-ын дээрх санаачилгыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлсөн. Гэтэл уг жагсаалтад ТҮЦ-ийн худалдаа, үйлчилгээ багтаагүй байна. Гэсэн хэдий ч гадуур байрлуулсан ТҮЦ-үүд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Түүнчлэн ТҮЦ-ний худалдаа эрхлэгч нарт нэг удаагийн нөхөн олговор болох 10 сая төгрөг өгч байсан ч энэ мөнгөөр хэд хоног амьдрах уу хэмээн бухимдаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад ТҮЦ-ийн батлагдсан нэгдсэн стандарт байхгүй байна. 2022 онд стандартын загвар боловсруулж байсан ч эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж зэрэг хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлагдаагүй. Нэгэнт бид хот төлөвлөлт, орчны цэгцрэлд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа бол ТҮЦ-ийн нэгдсэн, шаардлага хангасан стандартыг батлах зайлшгүй хэрэгцээ үүсээд байна. Үгүй бол шаардлага хангахгүй, эмх замбараагүй байршуулсан ТҮЦ-нүүд олширох хандлагтай байна