Сүүлийн жилүүдэд батлуулж буй гэрлэлтийн тоо буурч байгаа бол гэрлэлт цуцлалтын тоо өсөх хандлагатай байна. Үүнийг залуус сэтгэцийн төлөвшил бүрэн гүйцээгүй үедээ гэр бүл зохиодог, хамтын амьдралаа хэн хэнд нь хохиролгүйгээр төлөвлөж чаддаггүйтэй холбон тайлбарладаг байна. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.
-- Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 997 мянган өрх бүртгэлтэй байснаас 691 мянга нь хот суурин газарт, 305 мянга нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
—- 2022 онд нийт 17 мянга гаруй гэрлэлт батлагдаж байсан бол 2024 онд энэ тоо буурч, 14 мянга болсон байна.
—- Тэгвэл эсрэгээр гэр бүл цуцлалтын тоо өсөх хандлагатай байгаа юм байна. 2019 онд 4200 гаруй гэр бүл цуцлалт бүртгэгдсэн бол 2024 онд гэр бүл цуцлалт 4400 гаруй болж өсжээ.
—- Баталгаагаа цуцлуулсан гэр бүлийг хамт амьдарсан жилээр нь авч үзвэл 1 хүртэлх жил хамт амьдарсан гэр бүл 3 орчим хувь эзэлж байна. 1-3 жил хамт амьдарсан гэр бүл 12 хувь байгаа бол 4-6 жил болсон гэр бүл 11 хувь, 7-9 жил болсон гэр бүл 10 хувьтай байна. Харин үлдсэн хувийг 10-аас дээш жил амьдарсан гэр бүл эзэлжээ. Өөрөөр хэлбэл гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 60 гаруй хувь нь 10-аас дээш жил хамт амьдарсан байна.
Манай улсын хувьд гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдаж, 8 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Гэсэн хэдий ч гэрлэлт, гэр бүл цуцлалт, хүүхдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөөр ирсэн. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болж өнгөрсөн. Ингэхдээ гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах асуудал нэн тэргүүнд яригдаж байгаа. Тухайлбал нийслэлийн хэмжээнд шүүхээр гэр бүл цуцлуулсан 6800 орчим иргэн хүүхдэд тэтгэлэг олгох ёстой ч 50 хувь нь тогтмол төлдөг. Цаашлаад талууд эцэг эх, асран хамгаалагч байх эрх үүргээ үл ухамсарлаж, талууд байнгын маргаан, зөрчилтэй байдаг гэдгийг мэргэжилтэн онцоллоо.
Тэгвэл иргэдийн зүгээс гэр бүл зохиох болон гэр бүл төлөвлөлтийн асуудлыг нарийвчлан авч үзэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тухайлбал өөрийгөө болон хамтрагчаа сайтар таньж мэдэх, ойлголцож ярилцах хэрэгтэй гэдгийг хэллээ.
Гэр бүлийн зөрчил маргаан нь санхүүгийн хүрэлцээгүй байдал, архидалт, араар тавилт, үзэл бодлын зөрчил зэргээс үүдэлтэй гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл сэтгэцийн төлөвшил бүрэн гүйцсэн үедээ гэр бүл зохиох хэрэгтэй байна. Мөн гэр бүл төлөвлөлт нь эхнэр, нөхрийн хэн хэнд нь ашигтай, ямар ч хохиролгүй байх шаардлагатай гэдгийг сэтгэл зүйч тайлбарлалаа.
Үүнээс гадна гэр бүл цуцлалт ганцхан хууль эрх зүйгээр бус хоёр хүн хоорондын ойлголцол, хүлээн зөвшөөрөлт, тохиролцлын хүрээнд явагдах шаардлагатай байна. Ингэснээр гэр бүл цуцлагдсан ч цаашдын эрх үүргээ ухамсарлах, биелүүлэхэд илүү үр нөлөөтэй гэдгийг мэргэжилтэн онцоллоо.
Угтаа гэр бүл төлөвлөлт нь зөвхөн эхнэр нөхрийн хоорондын асуудал биш бөгөөд хүн амын бүтэц, нийгмийн хамгааллын тогтолцоотой шууд хамааралтай. Тухайлбал хүн амын өсөлт нэмэгдэж, гэр бүлийн тогтвортой байдал өсөж, амьдралын чанар сайжрах зэрэг нөлөөтэй байна.