Шри Ланка улс Австрали улсад төлөх ёстой 2.5 сая ам.доллароо хакеруудад алджээ

Өнгөрсөн долоо хоногт Шри Ланка улсын Сангийн яам гадаад өрийн төлбөр болох 2.5 сая ам.долларыг Австрали руу шилжүүлэх явцдаа хакеруудын дайралтад өртөж, мөнгөө хулгайд алдсан гэх хэрэг олны анхаарлыг татжээ. Хакерууд Шри Ланкын Сангийн яамны албан тушаалтнуудын и-мэйл хаяг руу нэвтэрч, мөнгө хүлээн авах Австралийн банкны дансны дугаарыг өөрийн дансны дугаараар сольж амжсанаар уг хэргийн эхлэл тавигдсан байна.

Харин уг үйлдлийг анзаараагүй Шри Ланкын Сангийн яамны удирдах албан тушаалтнууд гүйлгээг баталснаар их хэмжээний мөнгө хакеруудын данс руу шилжжээ. Эхний оролдлого нь амжилттай болсны дараа хууль бус үйлдэлдээ урамшсан хакерууд Энэтхэг улс руу шилжүүлэх гэж байсан өөр нэг төлбөрийн дансыг солих явцдаа баригджээ. Хэрэв тэдний хэрэг илчлэгдээгүй бол мөнгө хүлээн авагч тал гомдол гаргах хүртэл уг цахим хулгайн хэрэг нууц хэвээр үлдэх байжээ. Иргэдээ цахим залилангаас сэргийлэхийг анхааруулдаг Шри Ланкийн төр засаг өөрсдөө ийм энгийн аргаар мөнгөө алдсан нь олон улсын түвшинд шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл кибер халдлага нь дөрвөн жилийн өмнө гадаад валютын нөөцөө шавхаж, эдийн засгийн хямралаас дөнгөж сэргэж буй Шри Ланкийн хувьд шинэ цохилт болж байна. Уг хэрэгт холбогдуулан Шри Ланкийн Сангийн яамны дөрвөн ч өндөр дээд албан тушаалтныг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлжээ. Учир нь хакерууд ийм хэмжээний гүйлгээг дундаас нь өөрчлөхөд дотоод мэдээлэл ашигласан байх магадлалтай гэж үзсэн байна. Үүнтэй зэрэгцэн Шри Ланк, Австралийн цагдаагийн газар болон интерпол хамтран алдагдсан мөнгөний мөрийг мөшгөж эхэлжээ.

Энэ оны эхээр Шри Ланкын Сангийн яам, Төв банк хамтран гадагш чиглэсэн валютын урсгалыг тогтоон барихын тулд цахим залилангаас сэргийлэхийг ард иргэддээ уриалж, олон арван компанит ажил эхлүүлсний дараа уг кибер халдлага гарч байна. 2022 онд Шри Ланка улс гадаад валютын  нөөцгүй болсны улмаас 46 тэрбум долларын гадаад өрөө төлөх чадваргүй болжээ. Тус улсын Засгийн газар хүнс, түлш, эмийн импортын төлбөрийг төлж чадахгүй байсан нь нийлүүлэлтийн хомсдол үүсгэж, улмаар иргэд нь  өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, эцэст нь 2022 оны 7-р сард тухайн үеийн Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг түлхэн унагаасан юм.