Ираны Гадаад хэргийн сайд А.Арагчи Пакистанд хоёр өдөр айлчилсныхаа дараа В.Путинтэй уулзахаар Москваг зорьжээ

Өнгөрөгч амралтын өдрөөр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Вашингтон Техраны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Пакистан улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийлээ. АНУ, Ираны хэлэлцээ мухардалд ороод байгаа энэ цаг үед Аббас Арагчи бүс нутгийн орнуудаас дипломат дэмжлэг авах, цаашлаад зуучлагчаар дамжуулан эсрэг талдаа өөрсдийн “Улаан шугам”-ыг  ойлгуулах үүднээс айлчлал хийж байна.

Даваа гарагт Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна. Тэд бүс нутгийн нөхцөл байдал, гал зогсоох хүчин чармайлт болон хоёр улсын стратегийн түншлэлийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн 2025 оны 1-р сард ОХУ болон Ираны төрийн тэргүүн нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан ч уг гэрээнд талууд нэгнээ цэргийн хүчээр хамгаалахгүй, түншлэл нь зөвхөн худалдаа, эдийн засаг, тагнуул, эрчим хүчний салбарт хамтрах цаасан дээрх амлалт төдий байсан нь АНУ, Израилын довтолгооны дараа ил болсон юм.

Хэдийгээр АНУ, Ираны хоёр дахь хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Пакистан улсад болох товтой байсан ч эцсийн мөчид талууд хэлэлцээг үгүйсгэснээр энх тайван тогтоох хүчин чармайлт мухардалд орсон байна. Өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ираны талтай харилцаанд ахиц гарахгүй байна" гэх шалтгаанаар өөрийн элч төлөөлөгч Стив Виткофф, Жаред Кушнер нарын Пакистан руу хийх айлчлалыг цуцалжээ. Тэрээр Ираны дэглэм дотоод асуудлаа шийдвэрлэж, эрх мэдлийн өрсөлдөөн дуусгавар болсны дараа ярилцацгаая гэж мэдэгдсэн юм. Тэрээр "Хэрэв тэдэнд ярилцах хүсэл байвал өөрсдөө ирж уулз, эс бөгөөс утсаар ч  ярьж болно" гэж цахим хуудастаа бичжээ.

Тэгвэл Ираны Гадаад хэргийн яамнаас Пакистаны зуучлагчдаар дамжуулан “Ормузын хоолойг нээх болон дайныг зогсоох” тухай шинэ саналыг цагаан ордонд хүргүүлээд байна. Гэвч энэ саналд цөмийн хөтөлбөрийн асуудлыг тусгаагүй нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг ихэд бухимдуулсан байна.