“Pisa 2022” олон улсын үнэлгээгээр манай улсын 15 настай сурагчид олон улсын түвшинд үе тэнгийнхнээсээ 5 жилээр хоцрогдолтой байгаа нь тогтоогджээ

Pisa буюу олон улсын үнэлгээний 2022 оны дүнгээр манай улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай сурагчид олон улсын түвшинд үе тэнгийнхнээсээ ойролцоогоор 5 жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон байна. Тэгвэл Ковид-19 цар тахал, багш нарын ажил хаялт, цахим хичээл зэрэг олон хүчин зүйлсийн улмаас сурагчдын хичээлийн хоцрогдол улам нэмэгдсээр байгаа тул боловсролын салбарт “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөдөө орон нутагт сурч байгаа сурагчдын 50 орчим хувь нь хотын үе тэнгийнхнээсээ мэдлэгийн хувьд хоцорч байгаа гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын салбарт “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг эхлүүлэхээр болжээ. Тус арга хэмжээний хүрээнд 7 гол шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн тус арга хэмжээний үеэр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдын үдийн цайны талаар танилцууллаа. Одоогийн хэрэглэж буй хоол хүнс нь хүнсний бараа, материалын үнийн өсөлт зэрэг шалтгаанаас үүдэн хангалттай шим тэжээлтэй байж чадахгүй байгааг онцоллоо. Харин шим тэжээлийн шаардлага хангасан үдийн хоолны жишгийг өртгийн хамт харьцуулан танилцуулж, үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатайг хоол зүйчид дурдлаа.

Иймд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээр дамжуулж боловсролын экосистемийг бүрдүүлэх, багшийн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлэн, багшийг ажлын ачааллаас чөлөөлөх, хот, хөдөөгийн болон төр, хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгааг арилгах байна. Түүнчлэн гэрт ойрхон сургууль сайн сургууль байх концепцыг хэрэгжүүлэн сурагчдын олон жилийн хоцрогдлыг арилгахаар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.