Өдөрт дунджаар 37 мянган иргэн скүүтер, мопед, цахилгаан дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцдог

4-р сарын 10-аас мотоцикл, скүүтер, мопед, цахилгаан дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхэлсэн. Гэсэн ч эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол аваар нэмэгдсээр байгаа юм. Хэдийгээр нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу мотоцикл, скүүтер, мопед, цахилгаан дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тул насны хязгаарыг 18 нас болгох, хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хурдыг бууруулах зэрэг саналыг холбогдох газарт өгөөд байгаа юм байна. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Нийслэл улаанбаатар хотод 2022 оноос эхлэн скүүтер түрээсийн үйлчилгээ нэвтэрч, удалгүй иргэд өөрт ойр байрлах цэгээс мопед, цахилгаан дугуй, скүүтер зэргийг өдөр тутамдаа хэрэглэж ирсэн. Энэ онд дээрх төрлийн тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллагад зөвшөөрөл олгож, тэдгээрийн нийт 22 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлд оруулжээ.
  • Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 37 мянган иргэн скүүтер, мопед, цахилгаан дугуй гэх мэт 2 дугуйт тээврийн хэрэгслийг ашиглан автомашин болон явган хүний хамтаар замын хөдөлгөөнд оролцож байна.
  • Хэдийгээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол гэмтлийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, 2022 онд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй ердөө 50 осол, гэмтэл бүртгэгдэж байсан бол 2025 онд энэ тоо огцом өсөж 2792 болжээ.
  • Тиймээс энэ оноос 16 нас хүрээгүй хүүхэд 2 дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохгүй, хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй, зөвхөн дугуйн зам болон авто замын хөвөөгөөр зорчих журамтай болсон ч ердөө 10 хоногийн дотор 102 осол гэмтэл бүртгэгдсэнээс 42 хувь нь 18 хүртэлх насныхан буюу журамд хориглосон насны иргэд байгаа юм.

Нийслэл хотын замын хөдөлгөөн, гудамж талбайд дээрх шиг нөхцөл байдал өдөр бүр тохиолдож иргэдийн хувьд бартаат замын уралдаанд байнга оролцож байна гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, замын ачааллыг багасгахад ихээхэн хувь нэмэртэй гэгдэж байсан 2 дугуйт тээврийн хэрэгсэл хэдийнээ олон нийтийн шүүмжлэлд өртөж, осол гэмтлийн тоо жилээс жилд огцом нэмэгдэж байгаа. Тэгвэл энэ жилийн хувьд холбогдох байгууллагаас захирамж гаргаж, скүүтер, мопед, цахилгаан дугуй зэрэг 2 дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан боловч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тухайлбал энэ оны хувьд шаардлага хангасан 6 байгууллагад зөвшөөрөл олгосон бөгөөд 22 мянган 2 дугуйт тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Тэгвэл 2 дугуйт тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад 16 нас хүрээгүй хүүхэд түрээслэх боломжгүй байх тохируулга хийгдсэн эсэх, хурд 20 км/цагаас хэтрэхгүй байх зэрэг шаардлагууд тавигдсан байна. Гэсэн хэдий ч 4-р сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд буюу ердөө 10 хоногийн дотор 102 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэнээс 42 хувь 18 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Энэ нь түрээсийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага бүртгэлжүүлэлтийг хангалтгүй хийсэнтэй холбоотой гэдгийг холбогдох байгууллагаас хэлж байна.

Иргэдийн зүгээс үүсээд буй нөхцөл байдалд зохицуулалт дутагдаж байгааг онцолж байна. Тухайлбал энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ өндөр улс орнуудаас туршлага судлах, хариуцлага шийтгэлийг чангатгах цаашлаад зориулалтын зам талбайтай болох хэрэгтэй гэдгийг иргэд хэллээ.

Хэдийгээр арга хэмжээ авч байгаа ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаа тул холбогдох байгууллагууд болон иргэдийн зүгээс хамтарч ажиллах шаардлагатай байна. Тухайлбал одоогийн байдлаар түрээсийн үйлчилгээ үзүүлж буй 6 байгууллагаас осол гэмтлийг бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ямар нэгэн санал зөвлөмж гаргаагүй байгаа нь анхаарал татахуйц байгаа юм.

Бусад улс орны хувьд энэ чиглэлд олон төрлийн арга хэмжээ авч, иргэдийн аюулгүй байдлыг чухалчилдаг байна. Жишээлбэл Франц улсын Парис хотод төвийн дүүргүүдэд энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн. Цаашлаад техникийн хяналт, шалгалтыг өндөр түвшинд хийж, цахилгаан тээврийн хэрэгсэлд давуу эрх олгодог байна.