Геополитикийн тодорхойгүй байдал нь дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлж, алтны ханшийг түүхэн дээд түвшинд нь хадгалсаар байна. Өнөөдрийн байдлаар нэг унц алт 4,700 ам.доллароор арилжаалагдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид дайны эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болгон алтыг сонгосоор байна.
Үүнээс гадна зэсийн зах зээлд ч хүлээлт үүслээ. Нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллароос буухгүй байна гэж мэдээллээ.
Шинжээчид Ираны дайнаас шалтгаалж тээвэр Ложистикийн зардал өсвөл зэсийн үнэ ойрын хугацаанд дахин огцом өсөх магадлалтайг анхаарууллаа.
Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний түүхий эдийн салбарт нүүрсний эрэлт эргэн сэргэж байна. Ормузын хоолой хаагдсан хэвээр байгаа нь байгалийн хий болон газрын тосны нийлүүлэлтэд саад учруулж, улмаар эрчим хүчний нүүрсний үнийг тонн тутамд нь 133 ам.долларт хүргэжээ. Геополитикийн уг "мухардал" үргэлжлэх тусам стратегийн ач холбогдолтой түүхий эдүүдийн үнэ дэлхийн эдийн засагт шинэ дарамт учруулсаар байхыг онцолжээ.