Даваа гарагт Ираны эрх баригчид бүрэн хэмжээний энхийн хэлэлцээр байгуулахын өмнө дайны гацаанаас гарж, эдийн засгийн хувьд түр зуурын амьсгаа авах тухай гал зогсоох саналыг АНУ-ын засгийн газарт хүргүүлсэн юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон тус улсын үндэсний аюулгүй байдлын баг Ираны саналыг хангалтгүй гэж үзсэн байна.
Ираны эрх баригчид АНУ тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлах, цөмийн хэлэлцээг "царцаах", ормузын хоолойг олон улсын тээвэрт эргэн нээх боловч хөлөг онгоц бүрээс 2 сая долларын "аюулгүй байдлын хураамж" авч, түүнийгээ дайны дараах сэргээн босголтод зарцуулах саналыг гаргажээ. Мөн Израилын цэргийг Ливан болон газын зурвасаас гаргах, баталгаа авах, дайны улмаас дэд бүтцэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор АНУ-д царцаагдсан Ираны гадаад хөрөнгийг шууд чөлөөлж, нэмэлт санхүүжилт олгох гэх нөхцөлийг тавьжээ.
Иранчууд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хамгийн их хүсэж байгаа цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг "Дайн дууссаны дараа хэлэлцье" гэж хойшлуулсан. Энэ нь АНУ-ын хувьд хамгийн том "тээг" болж байгаа бөгөөд цөмийн асуудлыг шийдэхгүйгээр энх тайван тогтоно гэж Трамп үзэхгүй байгаа юм. Ерөнхийлөгч Трамп болон түүний баг эдгээр заалтуудыг "Хэтэрхий туйлширсан, бодит бус" гэж тодорхойллоо.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ саналд хамгийн шүүмжлэлтэй хандсан улс төрчдийн нэг байлаа. Даваа гарагт тэрээр Ираныг "Олон улсын хамтын ажиллагааны нэр барьж, өөрсдөдөө ашигтай нөхцөл бүрдүүлэх, хориг арга хэмжээг сулруулах цаг хожих заль гаргаж байна" гэж буруутгалаа. Түүнчлэн Марк Рубио цөмийн асуудлыг дайн дуустал хойшлуулах Ираны саналыг "утгагүй зүйл" гэж нэрлэсэн байна. АНУ-ын засгийн газар цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох нь аливаа хэлэлцээрийн эхлэлийн цэг байх ёстой, төгсгөл биш гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран "Хүнд байдалд орсон тул аргаа барахдаа ийм санал тавьж байна" гэж мэдэгдлээ. Трампын засаг захиргаа Ираныг буулт хийх хүртэл шахалтаа улам чангатгах төлөвтэй байна гэж мэдээлж байна.