Монголын дүрслэх урлагийн салбарт шинэ техник, өвөрмөц шийдэл нэвтрүүлсэн “Digital photo art” үзэсгэлэн монголын театрын музейд дэлгэгдлээ. Багш, шавь хоёрын хамтран гаргаж буй энэхүү үзэсгэлэн нь гэрэл зургийн бодит дүрслэлийг абстракт уран зурагтай дижитал орчинд нэгтгэснээрээ Монголдоо анхдагч болж байна.
Гэрэл зураг бодит байдлыг буулгадаг бол уран зураг хүний мэдрэмж, төсөөллийг илэрхийлдэг. Тэгвэл энэ хоёр урлагийг дижитал аргаар нэгтгэсэн үзэсгэлэнг зураач Л.Бумандорж, гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш нар хамтран дэглэжээ. Үзэсгэлэнгийн бүтээл бүр нь энгийн нэгэн фото зургаас татгалзаж, дижитал аргаар баяжуулсан абстракт өнгө төрхийг илэрхийлснээрээ онцлог байна.
Үзэгчид эндээс монголын үе үеийн олны танил эрхмүүдийн хөрөг зургуудыг огт өөр өнцгөөс харах боломжтой юм. Дэлгэгдсэн бүтээлүүд дунд 2005 онд дуранд буусан түүхэн хөрөг зургууд ч багтсан бөгөөд тэдгээрийг орчин үеийн дижитал арт хэв маягт оруулж, урлагийн бүтээл болгон шинэчлэн толилуулж буй нь монголдоо анхдагч болжээ.
Гэрэл зурагчин Цэнд-Аюушийн 25 жилийн туршлага, зураач Бумандоржийн ур чадварын нэгдэл болсон “Digital photo art” үзэсгэлэн энэ сарын 29-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно. Гэрэл зураг болон уран зургийн хил хязгаарыг арилгасан тус үзэсгэлэн цаашид дижитал урлаг манай улсад хөгжих шинэ суурийг тавьж байна.