Өнгөрсөн долоо хоногт Ираны эрх баригчид дайны гал зогсоож, энх тайван тогтоох алхам болгож өөрсдийн боловсруулсан энхийн саналаа АНУ-ын Засгийн газарт хүргүүлсэн юм. Харин Даваа гарагт Ираны саналд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мягмар гарагт “Ираны эрх баригчид сүйрлийн нөхцөл байдалд байгаа тухайгаа Цагаан ордонд мэдэгдсэн, Техран Ормузын хоолойг яаралтай нээхийг хүссэн” хэмээн мэдэгджээ.
Мягмар гарагт Доналд Трамп "Дөнгөж сая Иран улс сүйрлийн нөхцөл байдалд ороод байгаа тухайгаа бидэнд мэдэгдлээ. Тэд удирдлагын асуудлаа цэгцлэхийг оролдох зуураа Ормузын хоолойг аль болох хурдан нээхийг биднээс хүсэж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Иран улс Пакистанаар дамжуулан "Дайныг дуусгах, Ормузын хоолойг нээх" санал хүргүүлсэн ч Доналд Трамп үүнд "Сэтгэл хангалуун бус" байгаагаа илэрхийлээд байсан юм. Учир нь Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлыг хойш тавьж, Ормузын хоолойг нээхийг урьтал болгосон нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Өдгөө Ираны дотоодод энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх эсэх дээр шашны хатуу үзэлтнүүд болон төвийг сахих бодлого баримтлагчдын хооронд урьд өмнө байгаагүй "Хагарал" үүсээд байгаа юм. АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтээс болж Ираны газрын тосны экспорт зогсонги байдалд орж, хадгалах савгүй болсноос үүдэлтэйгээр газрын тосыг "Хог хаягдал" хадгалах цэгүүдийн танкерт цутгаж эхэлсэн байна. Иран улс газрын тосны цооногоо хэсэг хугацаанд хаавал шахуургын даралт өөрчлөгдөж, дахин нээх үед өмнөх шигээ олборлолт хийж чадахгүй болох, эсвэл цооног бүрмөсөн ашиглалтгүй болох эрсдэлтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Доналд Трамп Иран олборлосон тосоо хадгалах газар байхгүй "Галзуурах" дөхөж байгаа бөгөөд энэ нь тэднийг энхийн хэлэлцээ хийхээр яаруулах гол хөшүүрэг болж байна гэж хэлсэн юм.
Нөгөөтээгүүр Ираны прагматик үзэлтнүүд АНУ-ын хатуу хоригийг зөөлрүүлэхийн тулд дипломат эх сурвалжаараа дамжуулан хятад болон европын орнуудад хандаж, Доналд Трампад нөлөөлөхийг хүссэн талаар мэдээлэл гарчээ. Иран улс эдийн засаг болон газрын тос олборлолтын хувьд "Мухардмал" байдалд орсон тул 2026 оны зун гэхэд Ормузын хоолойг нээх эсвэл томоохон энхийн гэрээ байгуулах магадлал маш өндөр гэж шинжээчид үзэж байна.