Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зорилго бүхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Өмнө нь УИХ-д өргөн мэдүүлэх байсан Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхий сайд татан авснаар ийнхүү дахин шинэчилсэн хуулийн төслийг өргөн барихаар болж байна. Энэхүү шинэчлэл нь эдийн засгийн өсөлтийг зөвхөн макро түвшинд төдийгүй айл өрх бүрийн орлогод бодитоор хүргэхэд чиглэж байгааг ерөнхий сайд онцолжээ.
Дахин шинэчилж, өргөн барихаар болоод буй Татварын хуулийн төсөлд нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан бөгөөд иргэдийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцжуулалтыг дэмжих бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорьжээ.
- Ингэхдээ: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулсан татварыг жилд нэг удаа 100 хувь буцаан олгохоор тусгажээ.
- Мөн жижиг бизнес эрхлэгчдийн тайланг хялбаршуулж, 1 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 1 хувийн татвар төлөх боломжтой болгох.
- Орон сууцаа борлуулсан иргэдийг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх.
- Татвар төлөх, тайлагнах хугацааг хойшлуулж, үйл явцыг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
- Харин бизнес эрхлэгчдийн хувьд:
- ЖДҮ-ийн татварын хөнгөлөлтийн босгыг 2.5 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх.
- 6–10 тэрбум төгрөгийн орлоготой компаниудад 15 хувийн татвар ногдуулж, 25 хувийн татварын босгыг 10 тэрбум болгохоор тусгажээ.
- Түүнчлэн, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгох.
- НӨАТ болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөх хугацааг 2 сар хүртэл хойшлуулах боломжтой болгоно гэлээ.
Өмнө нь өргөн мэдүүлэх гэж байсан татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой салбар, бүлэгт чиглэсэн хөнгөлөлтүүд байсан бол шинэ төсөлд татварын дарамтыг нийтэд нь бууруулж, эдийн засгийн идэвхжилийг бүхэлд нь дэмжих илүү том, системийн өөрчлөлт болж сайжирсан гэдгийг Засгийн газраас онцолж байна. Тодруулбал, өмнөх хуулийн төсөлд цалингийн 500 мянга хүртэлх төгрөгийн орлогод татварын хөнгөлөлт үзүүлэх, НӨАТ-ын буцаалтыг шатлалтай олгох, зарим ААН-д өрийн дарамтыг зөөллөх зэрэг нь илүү дэмжлэгийн арга хэмжээ талдаа байсан.
Түүнчлэн, татварын бодлогыг уян хатан болгож, татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг шууд хаах бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохоор тусгажээ. Үүнд орлогын 80 хувийг татварт суутгаж, 20 хувийг нь компанид үлдээх зохицуулалт орж, урсгал зардлаа шийдэх нөхцөл бүрдэх байна. Мөн торгууль, алдангийн дээд хэмжээг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлаж, татварын өр хэт өсөх эрсдэлийг бууруулна гэдгийг сангийн сайд онцоллоо.