Хашаандаа багадаа 3 мод тарьснаар агаар цэвэршүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, дуу чимээг саармагжуулах давуу талтай

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй айл өрх бүр хашаандаа багадаа 3–5 мод тарьснаар гэр хорооллын тоосжилтыг бууруулж, орчны бохирдлыг багасгах зэрэг олон давуу тал бий болох боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар тэдгээрийн ердөө 10 орчим хувь нь л мод тарьсан нь хангалтгүй үзүүлэлт юм. Зарим иргэд “Хэдэн жилийн дараа газарт орох юм чинь мод тарьж дэмий” гэдэг ч бодит байдал дээр тэдний тарьсан модыг үнэлж, худалдан авдаг тул мод тарих нь хаа хаанаа үр ашигтай, зөв үйлдэл юм.

Түүнчлэн айл өрх бүр хашаандаа багадаа гурван мод тарьснаар агаар цэвэршүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, дуу чимээг саармагжуулах зэрэг олон давуу тал бий болдог. Тэгвэл мод, бутны үзэсгэлэн худалдаанд жимсний модны үнэ 10 мянган төгрөгөөс 65 мянган төгрөгийн хооронд байна. Тухайлбал, чацарганы суулгац нь өндрөөсөө хамааран 5–30 мянган төгрөгийн үнэтэй бол үхрийн нүд, мойл зэрэг жимсний мод 10–50 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин арчилгаа бага шаарддаг улиас, хайлаас, бургас зэрэг модны үнэ 2500 төгрөгөөс 25 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Газар чөлөөлөлт явагдаж, орон сууцжуулалт эрчимжиж байгаа энэ үед хашаандаа мод тарих нь үргүй зардал гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл бий. Гэвч үнэн чанартаа газар чөлөөлөх явцад зөвхөн байшин, хашааг бус, тухайн газар дээрх бүх салгаж үл болох засвар тохижилт, ургамал, модыг үнэлгээнд оруулдаг байна. Учир нь мод бол тухайн өрхийн өөрийн мөнгөөрөө тарьж ургуулсан, газрын үнэлэмжийг нэмэгдүүлж буй хөрөнгө юм. Тухайлбал, жимсний мод л гэхэд хамгийн өндөр үнэлгээтэй бөгөөд багадаа 150 мянга, ихдээ 1 сая 500 мянган төгрөг үнэлэгддэг байна.

Сүүлийн жилүүдэд иргэдийн мод тарих хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэр бүр өөрсдөө очиж тарьсан модоо арчилж чаддаггүйн улмаас ургалтын чанар нь эсрэгээрээ алдагдсаар байна. Тиймээс өөрийн хүрээлэн буй газартаа мод, бут тарих нь амьдрах орчныг сайжруулаад зогсохгүй, ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон хот үлдээхэд чухал хувь нэмэр болох юм.