Доналд Трампын засаг захиргаа АНУ-ын үндэсний шинжлэх ухааны зөвлөлийн 22 гишүүнийг бүгдийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ зөвлөл нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад тэтгэлэг олгодог засгийн газрын хараат бус агентлагийг тэргүүлдэг байна.
Харин тус зөвлөл нь төсвийн зарцуулалтад хяналт тавихаас гадна шинжлэх ухаан, инженерчлэлийн бодлогын асуудлаар ерөнхийлөгч болон конгресст зөвлөгөө өгдөг байна. Трампын засаг захиргааны төсвийн санхүүжилтийг танах төлөвлөгөөг эрдэмтэн судлаачид эсэргүүцсэний дараа цагаан ордноос зөвлөлийн гишүүдийг нэг дор ажлаас нь чөлөөлсөн байж магадгүй байна.
Харин цагаан ордноос "Томилогдсон гишүүд конгрессоос олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь үндсэн хуулийн хувьд эргэлзээтэй асуудал юм. Дүрмээ шинэчлэх шаардлагатай" гэсэн байна. Мөн дараагийн зөвлөлийн гишүүдийг удахгүй томилохыг уламжилжээ.
АНУ-ын судалгааны байгууллагууд Трампын засаг захиргааны энэхүү шийдвэрийг хурцаар шүүмжилж байна. Тухайлбал шинжлэх ухааныг дэмжих америкийн холбооноос "Зөвлөлийн гишүүдийг гэнэт ажлаас чөлөөлөх нь шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, бодлого нь засаг солигдох бүрд улс төрийн үзэмжээр өөрчлөгддөг болох аюултай жишиг тогтоож байна" гэж онцлон тэмдэглэжээ.