Ялалтын баярын парадад нэг ч цэргийн техник хэрэгсэл оролцохгүй гэж ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас энэ жилийн ялалтын баярын парадад уламжлалт цэргийн техник хэрэгслийн цуваа оролцохгүй болохыг мэдэгдлээ. Ирэх 5-р сарын 9-нд зөвлөлт холбоот улс дэлхийн 2-р дайнд нацист германыг ялсны 81 жилийн ой тохиох бөгөөд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад энэ жилийн баярын арга хэмжээ цомхон болно гэж мэдээлж байна. 

Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яамнаас улаан талбайд болох ялалтын баярын парадын үеэр цэргийн техник дэлгэн үзүүлэхгүй бөгөөд зөвхөн төгсгөлд нь байлдааны сөнөөгч онгоцнууд талбайн дээгүүр ёслолын нислэг үйлдэнэ гэж мэдэгдлээ. 

Зөвлөлт холбоот улс задарснаас хойш 2008 онд анх удаа бүрэн хэмжээний парадыг сэргээн явуулж эхэлсний дараагаас орос улс жил бүр танк, баллистик пуужин болон бусад зэвсэг техник хэрэгслээ баярын арга хэмжээнд оролцуулж ирсэн тул энэ удаагийн шийдвэр нь маш ер бусын алхам болж байна. Энэхүү парад нь ОХУ-ын хувьд өөрийн цэргийн хүчин чадлыг дотооддоо төдийгүй дэлхий дахинд харуулах хамгийн чухал үйл явдал байсаар ирсэн юм. 

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас уг шийдвэрээ "Одоогийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг харгалзан үзсэн" гэж товч тайлбарлажээ. Харин ажиглагчид орос улс Украин дахь тулааны талбарт асар их хэмжээний зэвсэг техникээ байршуулсан, мөн Киевийн зүгээс ирж болзошгүй дрон халдлагаас сэрэмжилж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украин улс тулааны талбарт газар нутгаа алдаж байгаа тул бүрэн хэмжээний террорист ажиллагаанд шилжсэн" гээд, аюулыг багасгахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна цааш хэллээ. АНУ-ын конгрессын судалгааны албанаас 2-р сард нийтэлсэн тайланд орос улс Украины дайнд 3000 гаруй танк, түүнчлэн хуягт тээвэрлэгч, их буу болон бусад техник хэрэгслээ алдсан гэж бичжээ. 

Лхагва гарагт АНУ болон ОХУ-ын удирдагчид утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Владимир Путин ялалтын баярын арга хэмжээний үеэр Украинд түр эвлэрэл зарлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уг санаачилгыг дэмжсэн бөгөөд энэ нь энхийн хэлэлцээ хийх нэг алхам болж магадгүй гэж үзсэн байна. Харин Украины засгийн газар түр эвлэрэл байгуулах талаар албан ёсны хариу өгөөгүй байна. Мөн өмнөх дайны он жилүүдэд орос улс ижил төстэй 3 хоногийн түр эвлэрэл зарлаж байхад Украины ерөнхийлөгч В.Зеленский үүнийг "Хууран мэхлэх тактик" гэж шүүмжлэн, дор хаяж 30 хоногийн урт хугацааны гал зогсоох хэлэлцээр шаардаж байсан туршлага байгаа юм.