Манай улсын нийгмийн халамжийн тогтолцоо бодит амьдрал дээр зорилтот бүлэгтээ хүрэлцээгүй, ядуурлыг бууруулж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Угтаа халамжийн тогтолцооны хүрээнд 40 гаруй төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мөнгөний шилжүүлэг давамгайлдаг байна. Иймд татварын орлогоор бүрдэж буй төсөв, санхүүжилтийг үр дүнтэй ашиглах тал дээр илүү анхаарна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Өнөөдөр нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Манай улсад анх 1995 онд нийгмийн халамжийн тухай хууль батлагдаж, өнөөгийн тогтолцооны суурийг тавьж байсан. Гэсэн хэдий ч нийгмийн халамж зорилтот бүлэгтээ хүрэлцээгүй, ядуурлыг бууруулж байгаа эсэх нь эргэлзээтэй гэдгийг олон нийт болон мэргэжилтнүүд онцолсоор ирсэн. Жишээлбэл манай улсын хувьд өнгөрөгч 2025 оны байдлаар л гэхэд нийгмийн халамжийн зардалд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 2.7 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг зарцуулжээ. Улмаар нийт зардлын 55 хувь нь хүн амын хамгийн бага амьжиргаатай 40 хувьд зарцуулагддаг бол 26 хувь нь эсрэгээрээ буюу хүн амын хамгийн өндөр амьжиргаатай 40 хувьд зарцуулагдаж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Угтаа халамжийн тогтолцоо нь орлогын асуудал биш бөгөөд боломж, хүртээмж, тэгш байдлын цогц гэсэн үг. Иймд нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа үр ашгийг нэмэгдүүлэх, үйлчилгээг төгөлдөржүүлэхэд анхаарах юм байна.
Манай улсын хувьд халамжийн тогтолцооны хүрээнд 40 гаруй төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бэлэн мөнгөний шилжүүлэг давамгайлдаг байна.
Улмаар шинэчилсэн найруулгын төсөлд зардлыг бууруулахгүй бөгөөд нэн хэрэгцээт зорилтот бүлэг рүү чиглүүлэх,
Халамжийг ажил эрхлэлттэй уялдуулах,
Мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх,
Үе дамжсан ядуурлыг бууруулах,
Салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх,
Хөтөлбөрүүдийг нэгтгэн оновчтой болгох юм байна.
Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамжийн тогтолцоо нэн ач холбогдолтой. Гэвч тэдгээр иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болон асаргааны асуудлууд ихээхэн тулгамддаг байна. Иймд энэ чиглэлд зайлшгүй анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, судлаачид гээд 150 орчим хүн оролцсон юм. Цаашлаад хуулийн төслийг үе шаттай зохион байгуулж, иргэд, олон нийтийн саналыг тусган энэ ондоо багтаан УИХ-ын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.