Атлантын далайд аялж явсан хөлөг онгоц дээр Хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ

Атлантын далайд аялж явсан жуулчлалын хөлөг онгоц дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас барсан талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Аргентинаас Кабо-Верде рүү аялж явсан "mv hondius" хэмээх туйлын бүсээр аялдаг хөлөг онгоц дээр уг вирусийн дэгдэлт гарсан бөгөөд  Нидерландын хоёр өндөр настан болон өөр нэг улсын иргэн нас барсан байна. 
Тэгвэл уг хөлөг онгоцны зорчигч их британийн нэг иргэнийг өмнөд Африкийн Йоханнесбург хотын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн бөгөөд шинжилгээгээр түүнээс хантавирус илэрчээ. Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтдын ялгадас, шээс, шүлсээр дамжин хүнд халдварладаг байна. Хөлөг онгоц дээрх зорчигчид хэрхэн халдвар авсан нь одоогоор нарийн тодорхой болоогүй байгаа ч хөлөг дээр мэрэгч байсан эсвэл зогссон боомтуудаас халдвар авсан байж болзошгүйг судалж байгаа ажээ. 

Одоогоор хөлөг онгоц Кабо-Верде улсын Прая боомтын ойролцоо байршсан байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид зорчигчдыг эрэг дээр буулгахаас татгалзжээ. ДЭМБ болон холбогдох мэргэжилтнүүд халдварын шинж тэмдэг илэрсэн бусад зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийхээр ажиллаж байгаа юм байна. Хантавирус нь амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг, нас баралтын түвшин өндөртэй аюултай вирус юм байна.

Хөлөг онгоц 3 долоо хоногийн өмнө Аргентины Ушуайа боомтоос хөдөлж, Антарктид болон хэд хэдэн арлуудаар дайрсан байна. Хантавирус нь хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор боловч ДЭМБ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж бусад улс орнуудын эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа уламжилжээ.