Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойд гацаад буй ачаа тээврийн хөлөг онгоцнуудад тусламж үзүүлэх "Хүмүүнлэгийн ажиллагаа" эхлүүлж байгаагаа зарлалаа. Гэвч уг мэдэгдлийн дараа Ормузын хоолойг нэвтрэх гэж оролдсон газрын тосны танкер үл мэдэгдэх биет буюу пуужин эсвэл Дроны цохилтод өртсөн тухай ройтерс агентлаг мэдээллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "Бид хөлөг онгоцнуудыг тэнд үүрд гацааж болохгүй. Энэ бол хүмүүнлэгийн тусламж тул даваа гаргаас эхлэн хөлгүүдийг аюулгүй бүс рүү гаргах ажиллагааг эхлүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын төв командлал хүмүүнлэгийн ажиллагааг дэмжих зорилгоор 15 мянган цэрэг, 100 гаруй сөнөөгч онгоц болон тэнгисийн цэргийн флотыг бэлэн байдалд шилжүүлжээ.
Тэгвэл үүний хариуд Ираны эрх баригчид хөлөг онгоцуудыг ормузын хоолойгоор нэвтрүүлвэл "Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн өдөөн хатгалга" гэж үзэхээ анхааруулсан бол харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “хэрэв Иран хүмүүнлэгийн ажиллагаанд саад учруулбал эрс шийдэмгийн хариу арга хэмжээ авах болно” гэж мөн анхаарууллаа.
Үүнээс гадна Иран улс Пакистаны засгийн газраар дамжуулан АНУ-д дайны гал зогсоох 14 зүйл бүхий шинэ санал хүргүүлжээ. Үүнд уран баяжуулалтыг 15 жил хүртэлх хугацаагаар царцаах асуудлыг "хэлэлцэх" боломжтой гэж дурдсан ч Доналд Трамп уг саналыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж үзсэн байна. Мөн АНУ-ын засгийн газраас 2 сарын хугацаатай гал зогсоох санал тавьсан бол Иран үүнийг эсэргүүцэж, бүх асуудлыг ердөө 30 хоногийн дотор шийдвэрлэж, дайныг бүрмөсөн зогсоох шаардлага тавьжээ. Энэ удаад Иран улс цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцээний хөтөлбөрт багтаасан ч "Сүүлчийн шат"-нд тохиролцох ёстой гэх байр сууриа илэрхийллээ. Тэд дайны гал зогсоож, эдийн засгийн хориг цуцлахыг нэн тэргүүнд тавьж байна. Мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохицуулах олон улсын шинэ механизм байгуулахыг эрмэлзсээр байгаа юм байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тэдгээр саналыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн бөгөөд Иран улс хүн төрөлхтний өмнө үйлдсэн үйлдэлдээ "хангалттай их үнэ төлөөгүй байна" хэмээн хэлжээ.