Шилдэг татвар төлөгч 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа

Жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийг “татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд өнөөдөр 50 шилдэг татвар төлөгчийг монголын татварын албанаас шалгарууллаа. 

Улсын хэмжээнд нийт 280 орчим мянган аан бүртгэлтэй байгаагаас 110–120 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид юм.

Өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрсөн нийт татварын орлого ойролцоогоор 27.1 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч татвар төлөгчдийн тооны хувьд ЖДҮ зонхилж байгаа хэдий ч нийт татварын орлогын дийлэнхийг уул уурхай болон томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг байна. 

Учир нь одоогийн мөрдөгдөж буй татварын хуулиар бизнесийн хэмжээнээс хамаарсан шатлалтай.  Тухайлбал, жилийн орлого 300 сая төгрөг хүртэлх аан 1 хувийн татвар төлдөг бол энэ босгыг давмагц 10 хувийн татвар ногдож, цаашлаад 6 тэрбум төгрөгөөс дээш орлоготой бол 25 хувь хүртэл өсдөг. Энэ нь жижиг бизнесийг дэмжих зорилготой ч дунд шат болон түүнээс дээш орлоготой ААН-д татвар огцом нэмэгдэж байна. 
Иймд засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа татварын хуулийн шинэчилсэн найруулгад татварын шатлалыг зөөлрүүлж, 10 хувийн татвар ногдуулах орлогын босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг саналууд дэвшүүлэгдээд байна. Энэ нь жижиг бизнес дунд шат руу шилжих явцад татварын огцом өсөлтөд өртөхгүй, илүү тогтвортой өсөх боломжийг бүрдүүлэх байна. 

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан монголын татварын алба болон засгийн газраас улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10, нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа. Ингэхдээ ерөнхий сайд шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш нэг сарын хугацаанд засгийн газрын хуралдаан бүрээр татвар төлөгчид, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд бодит шийдвэрүүдийг гаргаж ирснийг дурдсан юм.

Тэгвэл жижиг сегментийн  шилдэг татвар төлөгчийн нэгээр Эм Эн Иновэйшин глобал смарт технологи ХХК шалгарсан юм. Хэдийгээр тус компани нь үйл ажиллагаагаа эхлүүлээд 2 жил гаруй хугацааг өнгөрөөгөөд байгаа ч бизнесийн зах зээлд шинэхэн төдийгүй геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан татвараа төлөхөд хүндрэлтэй байсан талаар хэлж байна. Түүнчлэн өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын тухай хууль нь жижиг бизнес эрхлэгчдэд өрийн дарамтыг бий болгож байгаа юм. 

Тэгвэл татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, татварын шатлалыг зөөлрүүлэхээр тусгасан байна. Өмнө нь 6 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25 хувийн татвар ногдуулдаг байсан бол энэ босгыг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдэд 15 хувийн татвар ногдуулах шинэ шатлал бий болгохоор төлөвлөжээ. Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх борлуулалтын орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан нь илүү олон жижиг, дунд бизнесийг дэмжих нөхцөл бүрдүүлж байна.

Манай улсын татварын тогтолцоо нь олон тооны ЖДҮ-д тулгуурласан хэдий ч татварын орлого цөөн тооны том аж ахуйн нэгжид төвлөрсөн онцлогтой байна. Одоогийн тогтолцоо бичил бизнесийг дэмждэг боловч дунд шатны өсөлтийг хязгаарлах талтай тул шинэчлэлийн гол зорилго нь татварын шатлалыг зөөлрүүлэх, ЖДҮ-ийн өсөлтийг дэмжих, улмаар татварын баазыг өргөжүүлэхэд чиглэж байна.