ОХУ-ын нийслэл Москва хотын төвд, 'Ялалтын баяр'-ын бэлтгэл ажлыг хангаж байх үеэр гэнэтийн халдлага гарчээ. Өнгөрөгч Даваа гаргийн өглөө Москва хотын дээд зэрэглэлийн бизнесийн дүүрэг дэх тэнгэр баганадсан барилга дроны довтолгоонд өртөж, хотын оршин суугчдыг сандаргажээ.
Кремлийн хэвлэлийн албанаас дроны цохилтыг террорист халдлага хэмээн тодорхойлсон бол олон улсын шинжээчид энэ довтолгоог 'Сэтгэл зүйн дайралт' гэж нэрийдэж байна. Даваа гаргийн шөнийн 03 цагт Москва хотын 'IQ-Quarter' цогцолборын орчимд хүчтэй дэлбэрэлт сонсогджээ. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж өндөр барилгын 21 давхрыг мөргөж, дэлбэрэлт гарсан гэж мэдээлжээ. Энэ давхарт ОХУ-ын Дижитал хөгжлийн яам байрладаг бөгөөд халдлагын дараа албаны бичиг баримтууд гудамжаар нэг хийсэж байсан тухай гэрчүүд хэвлэлд ярьжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас радио долгионы саатуулагчийн тусламжтайгаар Украины 120 орчим дроныг хяналтаас гаргаж, нэг нисгэгчгүй онгоцыг барилга мөргүүлсэн гэж мэдээллээ. Мөн энэхүү халдлагын уршгаар хүний амь нас эрсдээгүй" -г албаны тайлбарт дурджээ.
Орос улс жил бүрийн 5-р сарын 9-нд дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсан баяраа тэмдэглэдэг. Гэвч Украины эсрэг явуулж байгаа дайн үргэлжилж байгаа тул энэ жилийн парадад ердийнх шиг цэргийн техник хэрэгслийг олноор үзүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Арменийн Ереван хотноо Европын удирдагчидтай уулзах үеэрээ энэ талаар дурджээ. Тэрээр энэ нь ОХУ "Одоо хүчирхэг биш" байгааг харуулж байна, тэд цэргийн техник хэрэгслийн зардлаа дийлэхгүй байгаа төдийгүй улаан талбай дээгүүр дрон нисэхээс эмээж байна" гэж хэлсэн байна.
Түүнчлэн тэрээр энэ зун шийдвэрлэх мөч байх болно гэдгийг онцлон тэмдэглээд, энэ үед Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг өргөжүүлэх үү, эсвэл дипломат харилцаа руу шилжих үү гэдэг дараагийн алхмаа шийдэх болно гэж цааш хэлсэн байна. Зеленский Путиныг дипломат зам руу "Шахах" ёстой гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Европын удирдагчдад хандан Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриаллаа.